СЗХ-ны орон тооны болон орон тооны бус гишүүдийг томилов
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс өмнөх хуралдаанаар Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны болон орон тооны бус гишүүдийг томилох, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцлээ.
Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 11.2-т “Хорооны гишүүдэд УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо хоёр хүний, Хууль зүйн болон Төсвийн байнгын хороо, санхүүгийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, Монголбанкны ерөнхийлөгч тус бүр нэг хүний нэр дэвшүүлж, УИХ-аас томилно” хэмээн заасан байдаг.
Эдийн засгийн байнгын хорооноос Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүнд Баасанжавын Батхишигийг, Хууль зүйн байнгын хорооноос орон тооны гишүүнд Отгонбатын Батбилэгийг, Төсвийн байнгын хорооноос орон тооны бус гишүүнд Лувсандагвын Энхтайваныг, Монголбанкнаас орон тооны бус гишүүнд Баярсайханы Баярдавааг томилох асуудлыг хэлэлцсэн.
Чуулганы хуралдаанаар эл асуудлыг хэлэлцэх үед гишүүд асуулт асууж, саналаа хэлсэн. Үүний дараа санал хураахад олонх дэмжив. Үүгээр чуулганы өнөөдрийн үдээс өмнөх хуралдаан түр завсарлалаа. Үдээс хойшхи хуралдаанаар Ерөнхий сайдын мэдээллийг сонсоно.
Б.Туул