А.Меркель Д.Трамптай хамтран ажиллана гэж найдаж байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРБЕРЛИН. /NHK/. Дональд Трампын бүрэн эрхийн хугацаанд АНУ, Герман хоёр хамтын ажиллагаагаа үргэлжлүүлнэ гэдэгт найдаж байна гэж Германы Канцлер Ангела Меркель мэдэгджээ.
Тэрбээр өчигдөр АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обаматай хамтран хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр ингэж мэдэгджээ.
Европын аюулгүй байдлын асуудалд АНУ оролцож байгаад Д.Трамп дурамжхан байгаагаа илэрхийлсэн нь Германы хувьд түгшүүр болсон билээ.
"НАТО-д ирж буй дарамт шахалтыг хуваалцахыг АНУ хүсч байна. Тиймээс Герман болон Европ НАТО-д оруулж буй хувь нэмрээ аажмаар нэмэгдүүлэх хэрэгтэй" гэж А.Меркель мэдэгджээ. Мөн тэрбээр, Герман болон АНУ-ын хамтын ажиллагаа хоёр орны ашиг сонирхолд нийцдэг учир цаашид энэ итгэл үнэмшилд үндэслэн Д.Трамптай хамтран ажиллана гэж мэдэгдлээ.
Харин Д.Трамп АНУ-ОХУ-ын харилцааг сайжруулах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн билээ.
Гэвч Барак Обама, Украин, Сири зэрэг асуудлуудад буулт хийж болохгүй гэдгийг Д.Трампт анхааруулсан байна. Тэрбээр хэлэхдээ, Д.Трамп олон улсын хэм хэмжээг гажуудуулж байгаа ОХУ-ын эсрэг хатуу байр суурьтай зогсоно гэдэгт найдаж байна гэж мэдэгджээ.
Д.Нямтулга