Гадаад харилцааны бодлогыг “нэг цонх”-оор явуулах нь чухал гэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРГадаад харилцааны тухай хуулийн төсөл боловсруулсантай холбогдуулан УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооноос өнөөдөр “Гадаад бодлогын шийдвэр гаргах механизмыг боловсронгуй болгох нь” сэдвээр хэлэлцүүлэг Төрийн ордонд зохион байгуулав.
Хэлэлцүүлгийг МУИС-ийн Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуультай хамтран зохион байгуулсан бөгөөд гадаад харилцааны салбартай холбоотой олон чухал илтгэл хэлэлцэж, гадаад харилцааны бодлогыг “нэг цонх”-оор явуулах нь Гадаад харилцааны тухай хууль чухал ач холбогдолтой гэдэгт санал нэгдэж байв.
Хэлэлцүүлгийн эхэнд УИХ-ын гишүүн Н.Энхболд “Гадаад харилцааны тухай хуулийн төслийн талаарх хууль санаачлагчийн байр суурь”-ийн талаар танилцуулга хийв. Танилцуулгадаа гадаад харилцааны бодлогын нэгдмэл байдлыг хангахад шаардлагатай эрх зүйн зохицуулалтыг бий болгож, гадаад харилцааны бодлогыг “нэг цонх”-оор харахын тулд хуулийн төсөл боловсруулсан болохыг дурьдав.
Дараа нь МУИС-ийн Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуулийн захирал О.Баттулга “Монгол Улсын гадаад бодлогын шийдвэр гаргах механизмыг боловсронгуй болгох асуудал” судалгааны төслийн талаар танилцуулга хийсэн бол “Гадаад бодлогын шийдвэр гаргах механизмын асуудлаарх судалгааны багийн ажлын явцын тухай” судалгааны төслийн багийн ахлагч Ж.Энхсайхан танилцуулсан. Тэрбээр гадаад бодлогыг “нэг цонх”-оор харж, дээд зэргийн үр өгөөжтэй зохицуулах явдал чухал гэдгийг мөн танилцуулгадаа онцлов.
Түүнчлэн, “Гадаад бодлогын шийдвэр гаргахад ХБНГУ-ын баримталдаг бодлого” сэдвээр Элчин сайд, судалгааны багийн гишүүн Л.Удвал танилцуулсан бол “Шийдвэр гаргах механизмын доголдлоос болж гарч буй хохирол” сэдвээр МУИС-ийн Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуулийн багш Г.Баасанхүү танилцуулсан юм. Оролцогчид дээр дурьдсан танилцуулгуудыг сонссоны дараа илтгэгчээс асуулт асууж, үг хэлэн, байр сууриа илэрхийлэв.
Хэлэлцүүлэгт Гадаад харилцааны яам болон бусад яам, агентлагуудаас төлөөлөл хүрэлцэн ирсэн бөгөөд тус бүртээ гадаад харилцааны бодлогын талаар санал бодол, байр сууриа илэрхийлсэн. Оролцогчдын хэлсэн зарим санал санаачилгыг хуулийн төсөлд тусгахаар болж, бичгээр саналыг нь авахаар тогтлоо.
Хэлэлцүүлгийг хааж Байнгын хорооны гишүүн Д.Цогтбаатар үг хэлэхдээ “Гадаад харилцааны бодлогыг хүрээг нь тэлэх гээд байгаа юм шиг боловч тодорхой болгож нарийвчлах утгаараа энэ хуулийг батлан гаргах шаардлагатай юм” хэмээн онцолсон.
Н.Туяа