Аргентин улстай үхрийн эрчимжсэн аж ахуй байгуулахад хамтарна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2016-11-17 18:21:16

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Баяртулга Аргентин Улсаас Монгол Улсыг хавсран суух Элчин сайд ноён Диого Рамиро Гцэларыг  хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Төрийн нарийн бичгийн дарга Л.Баяртулга Монгол Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьсанд баяр хүргээд Эрхэм элчин сайдын энэ удаагийн айлчлал хоёр орны найрсаг харилцааг бататгаж бүх салбарт хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд чухал түлхэц болохыг онцлон тэмдэглэв.

Талууд цаашид Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын хамтын ажиллагааг идэвхижүүлэх ажлын хүрээнд 2014 онд хоёр орны Хөдөө аж ахуйн яам хоорондын байгуулсан хамтын ажиллагааны Санамж бичигт тусгасан санал, санаачлагыг хэрэгжүүлэх нь чухал байгаа.

Тиймээс уулзалтаар Монголд МАА-н салбарт үхрийн эрчимжсэн аж ахуй байгуулахад хамтран ажиллах, газар тариалангийн чиглэлээр өвөл, зуны хүлэмж байгуулахад Аргентин Улсаас туршлага судлах, Аргентинийн Үндэсний хөдөө аж ахуйн технологийн хүрээлэн Монгол Улстай хөдөө аж ахуйн салбарт өмнөдийн хамтын ажиллагааны хүрээнд ойрын хугацаанд мэргэжилтнээ ирүүлэх, чиглэлээр ажил хэрэгч саналуудыг дэмжиж ажиллахаар тохиролцов.

Мөн  хөнгөн үйлдвэрийн салбарт Аргентиний дэвшилтэт техник, технологийг нэвтрүүлэх, боловсон хүчний чадавхыг дээшлүүлэхэд хамтран ажиллахаар боллоо.  

Б.Заяа

Холбоотой мэдээ