Гомдол, мэдээллийг газар дээр нь шийдвэрлэж байгаад иргэд талархав
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬАвлигатай тэмцэх газрын ажлын хэсэг Дундговь аймаг, Өмнөговь аймгийн Цогтцэций, Ханбогд, Даланзадгад суманд ажиллаж байна.
Ажлын хэсэг очсон аймаг, сум бүрийнхээ төрийн байгууллагын албан хаагч нарт Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг танилцуулж, авлигын эсрэг хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд орон нутагт анхаарах асуудлаар мэдээлсэн бөгөөд бизнес эрхлэгчдийг оролцуулан “Авлигатай тэмцэхэд хувийн хэвшлийн үүрэг оролцоо” сэдвээр хэлэлцүүлэг зохион байгууллаа. Одоогийн байдлаар 365 төрийн албан хаагч, иргэд болон 60 гаруй бизнес эрхлэгчид мэдээлэл, танилцуулга хийгээд байна. Дундговь, Өмнөговь аймгийн төв болон сумдад ажиллах үед зарим иргэд “Авлигатай тэмцэх газар орон нутагт салбар нэгж байгуулах боломжтой юу? Аж ахуйн нэгж, байгууллагуудаас сум орон нутгийн захиргаа хандив нэхэж авах нь зөв үү? Худалдан авах ажиллагаа буюу тендер шалгаруулалт шударга биш байна. Албан тушаалын наймаа, хүний нөөцийн ил тод байдал хангалтгүй байна” гэх зэргээр асууж, санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байв. Ажлын хэсэг иргэдээс тавьсан асуулт бүрт хуулийн хүрээнд хэрхэн ажиллах, ямар зохицуулалт байдаг талаар хариулж, арга зүйн зөвлөгөө өглөө. Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдол, санал хүсэлтүүдээс боломжтойг нь цаг алдалгүй газар дээр нь шийдвэрлэж явав. Иргэд, олон нийтийн зүгээс Авлигатай тэмцэх газрын ажлын хэсгүүд ийнхүү орон нутагт ажиллаж байгаа нь цагаа олсон үр дүнтэй ажил болохыг хэлж байв. Тэд зарим гомдол, мэдээллийг цаг алдалгүй газар дээр нь шийдвэрлэж өгч байгаад баярлан талархав. Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Х.Хашбаатарын ахалсан ажлын хэсэг Өвөрхангай аймагт 2016 оны 11 дүгээр сарын 18-23-ны өдрийг хүртэл ажиллана гэж АТГ-ын хэвлэл ,олон нийттэй харилцах албаны ажилтан ТнМөнхтунгалаг мэдээлэв.
Ж.Батсайхан