АН-ын шинэ даргыг сонгох хүртэл З.Энхболд үргэлжлүүлэн удирдана

МОНГОЛЫН МЭДЭЭ
gantuya@montsame.mn
2016-11-17 12:29:35

Төрийн ордны Их танхимд өчигдөр хуралдаж өндөрлөсөн Ардчилсан намын ҮЗХ-ны 48 дугаар хурлын дүнгийн талаар УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатар, Ш.Түвдэндорж, намын ЕНБД-ын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр нар мэдээлэл хийв.

ҮЗХ-ны хурлаас гарсан гол шийдвэр "Ардчилсан намын шинэчилсэн дүрмийг боловсруулах ажлын хэсэг байгуулах”, “Ардчилсан намын Их хурлыг зохион байгуулах ажлын хэсэг байгуулах" гэсэн хоёр асуудлыг хэлэлцэж дэмжсэн явдал аж. АН-ын Гүйцэтгэх зөвлөлөөс гаргасан дээрх саналыг дэмжсэнээр Дүрмийн төсөл боловсруулах ажлын хэсгийг ҮЗХ-ны гишүүн, УИХ-ын гишүүн асан Ш.Түвдэндоржоор ахлуулан, намын Их хурал зохион байгуулах ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбатаар ахлуулан байгуулсан байна. Мөн ажлын хэсэгт намын бүх шатны байгууллага, төлөөллийг оролцуулж 50 орчим хүний бүрэлдэхүүнтэй ажиллахаар болжээ.

Тус хурлаар АН-ын дарга З.Энхболдын "Намын даргаас чөлөөлөгдөх өргөдөл"-ийг хэлэлцэх байсан боловч уг асуудлыг хэлэлцээгүй аж. Учир нь АН-ын даргыг сунгаагаар шийдвэрлэх хүртэлх хугацаанд намын удирдлагууд ажлаа үргэлжлүүлэн хийхээр болсон тухай хэлж байв. Өөрөөр хэлбэл “түр” дарга томилох шаардлагагүй гэж үзсэн байна. Харин тэрбээр өчигдөр ҮЗХ-ны хуралд оролцоогүй шалтгаан нь түүний гэр бүлийн хүн эрүүл мэндийн шалтгаанаар БНСУ-д эмчлүүлж, сахиж байгаа аж. Тус намын шинэ даргын тухайд ирэх оны эхээр буюу "Цагаан сар"-аас өмнө тодорно гэж тус намынхан хүлээж байгаа юм. 

Гэхдээ намын удирдлагаас илүү Үзэл баримтлал, дүрмийн шинэчлэлийг хийж дуусгахыг нэн тэргүүнд зорьж байгааг гишүүд нь онцолж байв. Энэ талаар УИХ-ын гишүүн асан Ш.Түвдэндорж “Намын удирдлага бол хоёрдугаар асуудал. Хамгийн гол нь намын Үзэл баримтлал юм. Бид юугаараа ялгаатай, ямар чиглэлтэй байх, юунд зорьж явахаа ард түмэнд ойлгомжтой болгохыг зорьж байна. Эв нэгдэл чухал, зорилго нь тодорхой, шинэчилсэн, ардчилсан нам байхын тулд ажиллах хэрэгтэй гэдэгт гишүүд санал нэгдэж байгаа” гэсэн юм. АН-ын ЕНБД-ын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр “Их хурлаар Үндсэн дүрмийн өөрчлөлтийг баталсны дараа шинэ дүрмийн дагуу намын удирдлагыг сонгож, зохион байгуулалт хийнэ. Тиймээс ирэх сард болох Их хурлаар намын удирдлага, даргын асуудлыг хэлэлцэхгүй гэдэгт санал нэгдсэн. Ер нь намын даргыг бол бүх гишүүдээсээ сунгаагаар сонгох нь зөв гэдэг байр суурьт төвлөрч байгаа” гэлээ.

Намын дүрэмд тодорхой ямар зүйл заалтад өөрчлөлт оруулах гэж байгаа талаар сэтгүүлчийн асуултад Ш.Түвдэндорж “Манай намын дүрэм бол сайн дүрэм. Гэхдээ цаг үе, нийгмээ дагаж өөрчлөлт оруулж байгаа. Илүү нээлттэй, илүү ардчилсан нам болохын тулд чиглэлээ голчлон барьж байна. Тухайлбал намын бүх удирдлагууд, бүтцийн байгууллагуудыг бүх гишүүдийнхээ саналаар сонгодог болох юм” гэж хариулсан бол Б.Гарамгайбаатар “АН өөрийн гэсэн дүрэмтэй. Дүрэм хүчин төгөлдөр үйлчилж байгаа учир өчигдөр хурлаа хийсэн. Дүрмээ улам сайжруулахын тулд өөрчлөлт оруулах гэж байна. Нийт 4 өөр дүрмийн төсөл орж ирснийг ҮЗХ, Гүйцэтгэх зөвлөлөөр хэлэлцээд нэгтгэж байна. Өнөөдөр мөрдөж байгаа дүрэм бол үндсэн суурь бүтэц нь болж байгаа” гэлээ.

Дүрмээ биелүүлдэггүй гишүүдэд болон Засгийн газраа огцруулсан гишүүдэд хариуцлага тооцох талаар ҮЗХ хэлэлцсэн эсэх талаарх асуултад Ш.Түвдэндорж “Шинэ дүрэмд хариуцлага тооцох шат дарааллыг нарийн тусгаж байгаа. Хэрэв ямар нэгэн үйлдэл хийсэн гишүүнийг шагнах эсвэл хариуцлага тооцох асуудлыг шууд шийдвэрлэдэг байхаар төсөлд орж байна” гэсэн юм.

Хэрэв ирэх сарын 6-нд болох Их хурлаар АН-ын шинэ дүрэм батлагдвал одоогийн ҮЗХ болон Гүйцэтгэх зөвлөлийн бүх гишүүд, хариуцлагатай албан тушаалтнууд ажлаа өгч, өөрчлөгдөх юм байна.

Н.Гантуяа

Холбоотой мэдээ