Хэнтий аймгийн 6 сумыг АН, 12 сумыг МАН удирдана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2016-11-16 18:17:21

2016 оны сонгуулийн үр дүнгээр УИХ-д МАН-аас 3 гишүүн, Хэнтий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хуралд АН-9, МАН-30 суудал авч олонх болж, ялалт байгуулсан. Харин өнгөрөгч сарын 19-нд явагдсан орон нутгийн сонгуулиар 6 суманд АН, 10 суманд МАН олонх болж, сумын засаг захиргааны эрхийг авах боломж бүрджээ. Энэ дагуу сумд анхдугаар хуралдаанаа хийж, сумын ИТХ-ын дарга, Засаг дарга нараа сонгон, аймгийн Засаг даргад батламжлуулахаар өргөн бариад байна. Одоогоор Дархан, Баянхутаг сумд анхдугаар хуралдаанаа хийгээгүй байгаа юм. Уншигч та бүхэндээ сум тус бүрийн анхдугаар хуралдааны талаар товч мэдээлэл хүргэе.

БАТНОРОВ сумын ИТХ-ын анхдугаар хуралдаан 11 дүгээр сарын 4-ний өдөр 100%-ийн ирцтэй хуралджээ. Тус хуралдаанаар сумын ИТХ-ын даргаар Д.Баясгалан томилогдсон байна. Тэрбээр өмнө нь аймгийн ИТХ-ын ажлын албанд ажиллаж байсан туршлагатай аж. Харин сумын Засаг даргаар Г.Тайванжаргал дахин сонгогдож, аймгийн Засаг даргад нэрийг нь уламжилжээ. Тус суманд МАН-11, АН-16 суудал авсан байна.

МӨРӨН сумын ИТХ-ын анхдугаар хуралдаан 11 дүгээр сарын 8-ны өдөр 100%-ийн ирцтэй нээлттэй хуралдаж, иргэд болон төсвийн алба хаагчдын төлөөлөл 30 хүн оролцжээ.  Тус сумын ИТХ-ын даргаар Д.Энхсүх томилогдсон бөгөөд Мөрөн сумын 2-р багийн малчин МУ-ын алдарт уяач хүн юм. Харин сумын Засаг даргаар Ц.Батцоож сонгогдон, нэрийг нь аймгийн Засаг даргад уламжилжээ. Ц.Батцоож нь Хан Хэнтий ЦС-д Биеийн тамирын багшаар ажиллаж байсан, Аймгийн арслан цолтой, энэ жил аймгийн ИТХ-д Мөрөнчүүдийн итгэлийг хүлээн сонгогдсон аж . Тус суманд  МАН-9, АН-6 суудал авчээ.

ДЭЛГЭРХААН сумын ИТХ-ын анхдугаар хуралдаан 11 дүгээр сарын 7-ны өдөр 100%-ийн ирцтэй хуралдаж,  ИТХ-ын даргаар Д.Баясгалан томилогджээ. Тэрбээр сумынхаа ИТХ-ын төлөөлөгч, 2008-2012 онд сумын ИТХ-ын даргаар ажиллаж байсан төрийн албаны туршлагатай аж. Харин сумын Засаг даргад Аварга багийн Засаг даргаар ажиллаж байсан О.Анхбат сонгогдож, аймгийн Засаг даргад нэрийг нь уламжилсан байна. Тус суманд МАН-17, АН-4 суудал авсан аж.

БОР-ӨНДӨР сумын ИТХ-ын анхдугаар хуралдаан 11 дүгээр сарын 4-ний өдөр 100%-ийн ирцтэй хуралджээ. Хуралдаанаар ИТХ-ын даргаар С.Угтахбаяр томилогдсон байна. Тэрбээр Бор-Өндөр сумын УБҮ-т Ерөнхий инженерийн орлогчоор ажиллаж байсан туршлагатай нэгэн юм. Тус хуралдаанаар сумын Засаг даргаар П.Чинбатыг сонгож, аймгийн Засаг даргад нэрийг нь уламжилжээ. П.Чинбат нь Бор-Өндөр сумын МАН-ын хорооны дарга, 2008-2012 онд Бор-Өндөр сумын Засаг даргын орлогчоор ажиллаж байсан залуу боловсон хүчин юм. Тус суманд  МАН-22, АН-9  суудал авчээ.

ЦЭНХЭРМАНДАЛ сумын ИТХ-ын анхдугаар хуралдаан 11 дүгээр сарын 7-ны өдөр 100%-ийн ирцтэй хуралдаж, ИТХ-ын даргаар Н.Нямдаваа томилогдсон байна. Тэрбээр сумандаа малын эмчээр ажиллаж байжээ. Тус хуралдаанаар сумын Засаг даргаар С.Золжаргалыг сонгож, аймгийн Засаг даргад нэрийг нь уламжилсан байна. С.Золжаргал нь сумын ИТХ-ын даргаар ажиллаж байсан туршлагатай аж. Цэнхэрмандал суманд МАН-12, АН-1, бие даагч 2 суудал авчээ.

ӨМНӨДЭЛГЭР сумын ИТХ-ын анхдугаар хуралдаан 11 дүгээр сарын 8-ны өдөр 100%-ийн ирцтэй хуралджээ. Тус сумын ИТХ-ын даргаар Х.Мөнхбат томилогдсон бөгөөд тэрбээр төвийн багийн Засаг даргаар ажиллаж байжээ. Хуралдаанаар Б.Эрдэнэбаатарыг сумын Засаг даргаар сонгож, аймгийн Засаг даргад нэрийг нь уламжилахаар болсон байна. Б.Эрдэнэбаатар нь Өмнөдэлгэр сумын уяачдын холбооны тэргүүн, МАН-ын хорооны даргаар ажиллаж байсан туршлагатай аж. Тус суманд МАН-19, АН-8 суудал авчээ.

БАЯН-ОВОО сумын ИТХ-ын анхдугаар хуралдаан 11 дүгээр сарын 4-ний өдөр 93,7%-ийн ирцтэй хуралдаж, сумын ИТХ-ын даргаар Н.Цолмонбаярыг томилжээ. Тэрбээр Баян-Овоо сумын Наран багийн Засаг даргаар ажиллаж байсан юм. Тус хуралдаанаар сумын Засаг даргаар Д.Баянмөнхийг сонгож, аймгийн Засаг даргад нэрийг нь уламжилжээ. Д.Баянмөнх нь Баян-Овоо сумын Улаанбаатар хот дахь Нутгийн Зөвлөлийн гүйцэтгэх захирал, МАН-ын сан хөрөнгийн даргаар ажиллаж байсан, аймгийн ИТХ-д хамгийн олон буюу 5 дахь удаагаа сонгогдсон ажлын арвин туршлагатай нэгэн юм. Тус сумын ИТХ-д МАН-12,  АН-2, бие даагч 1 суудал авчээ.

ДАДАЛ сумын ИТХ-ын анхдугаар хуралдаан 11 дүгээр сарын 8-ны өдөр 100%-ийн ирцтэй хуралдсан байна. Тус сумын ИТХ-ын даргаар ДБХС-гийн Монгол дахь хөтөлбөрийн газрын Зүүн бүсийн салбарын захирлаар ажиллаж байсан Д.Мөнх-Од томилогджээ. Хуралдаанаар тус сумын Засаг даргаар Б.Оюунбаатарыг сонгож, аймгийн Засаг даргад уламжилахаар болсон байна. Б.Оюунбаатар нь сумын ЗДТГ-ын дарга, Онон Балжийн Байгалийн Цогцолборт Газрын хамгаалалтын захиргаанд мэргэжилтэнээр ажиллаж байсан туршлагатай юм. Дадал суманд МАН-12, АН-9 суудал авчээ.

ЖАРГАЛТХААН сумын ИТХ-ын анхдугаар хуралдаан 11 дүгээр сарын 4-ний өдөр 95%-ийн ирцтэй хуралдаж, ИТХ-ын даргаар Ц.Цогбат дахин томилогджээ. Харин сумын Засаг даргаар өмнөх хоёр жил засаг барьсан Б.Цогт-Оршихыг дахин сонгож, аймгийн Засаг даргад уламжилсан байна. Тус суманд МАН-3, АН-18 суудал авчээ.

БАЯН-АДРАГА сумын ИТХ-ын анхдугаар хуралдаан 11 дүгээр сарын 7-ны өдөр 100%-ийн ирцтэй хуралдаж, ИТХ-ын даргаар Ж.Боломж томилогдожээ. Тэрбээр сумын Засаг даргаар ажиллаж байсан туршлагатай нэгэн юм. Харин сумын Засаг даргаар О.Лхагвадорж сонгогдож, аймгийн Засаг даргад уламжлагджээ. О.Лхагвадорж нь сумын ИТХ-ын даргаар ажиллаж байсан юм. Тус суманд МАН-17, АН-4 суудал авсан байна.

НОРОВЛИН сумын ИТХ-ын анхдугаар хуралдаан 11 дүгээр сарын 7-ны өдөр 80,9%-ийн ирцтэй хуралджээ. Сумын ИТХ-ын даргаар П.Хүрэлбаатар томилогдсон бөгөөд тэрбээр сумын ИТХ-ын дарга, аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр ажиллаж байсан туршлагатай нэгэн юм. Тус хурлаар сумын Засаг даргаар П.Алтангэрэлийг дахин сонгож, аймгийн Засаг даргад уламжилжээ. Норовлин суманд МАН-19, АН-2 суудал авсан аж.

БАЯНМӨНХ сумын ИТХ-ын анхдугаар хуралдаан 11 дүгээр сарын 9-ний өдөр хуралдаж, ИТХ-ын даргаар Б.Алтантуяа томилогдсон байна. Тэрбээр тус сумын Эрүүл мэндийн төвд статистик бага эмчээр ажиллаж байжээ. Мөн хурлаар сумын Засаг даргаар П.Энх-Амгалан сонгогдож, аймгийн Засаг даргад нэр нь уламжлагджээ. П.Энх-Амгалан нь Бор-Өндөр сумын мал эмнэлэг үржлийн тасгийн даргаар ажиллаж байсан юм. Баянмөнх суманд МАН-7, АН-8 суудал авчээ.

ХЭРЛЭН сумын ИТХ-ын анхдугаар хуралдаан 11 дүгээр сарын 7-ны өдөр 100%-ийн ирцтэй хуралдаж, ИТХ-ын даргаар Ч.Ганхуягийг сонгож, Хэрлэн сумын Засаг дарга бөгөөд Чингис хотын захирагчаар Ц.Идэрбат сонгогдож, аймгийн Засаг даргаар батламжлуулахаар нэрийг нь хүргүүлжээ.Ч.Ганхуяг нь Хэрлэн сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга, ажилтан, Хэрлэн сумын 3-р багийн Засаг дарга, зохион байгуулагчаар, Ц.Идэрбат нь Хэрлэн сумын Засаг даргын орлогчоор 2008-2012 онуудад ажиллаж байсан бөгөөд Хэнтий аймгийн МАН-ын хорооны дэд дарга, аймгийн ИТХ-д гурав дахь удаагаа сонгогдон ажиллаж буй зэрэг улс төрийн туршлагатай хүмүүс аж. Ирэх дөрвөн жилд Хэрлэн сумын ИТХ нь МАН-аас сонгогдсон 17, АН-аас сонгогдсон 14 төлөөлөгчтэйгөөр ажиллах юм.

БИНДЭР сумын ИТХ-ын анхдугаар хуралдаан 11 дүгээр сарын 07-ны өдөр 100%-ийн ирцтэй хуралдаж, сумын ИТХ-ын даргаар Э.Мөнх-Очир сонгогдож, сумын Засаг даргад С.Эрхэмбаярыг нэр дэвшүүлж, аймгийн Засаг даргад өргөн мэдүүлэхээр шийдвэрлэсэн байна. Э.Мөнх-Очир нь Биндэр Ой сум дундын ойн ангийн даргаар, С.Эрхэмбаяр нь аймгийн ЗДТГ-ын нийтлэг үйлчилгээний албаны даргаар ажиллаж байсан ажлын туршлагатай залуус аж. Биндэр сумын ИТХ-д МАН-6, АН-15 суудал авчээ.

БАТШИРЭЭТ сумын ИТХурал анхдугаар хуралдаанаа Монгол түмний бахархалт өдрөөр хийжээ.  Хуралдаанаар сумын ИТХ-ын даргад Харнууд Д.Гансүрэнг дахин сонгож баталсан бол сумын Засаг даргад М.Болдын нэрийг дэвшүүлэн сонгож батламжлуулахаар аймгийн Засаг даргад хүргүүлсэн байна. М.Болд нь тус сумын Засаг даргаар ...жил, аймгийн ЗДТГ-ын даргаар өнгөрсөн 4 жил ажилласан улс төрийн туршлагатай нэгэн юм. Сонирхуулахад тус суманд ялалт байгуулсан нийт төлөөлөгчид сонгуульд 2885 сонгогчийн санал хурааснаас АН-ын 12 төлөөлөгч 1671 санал буюу нийт саналын 57,1 хувийг,  МАН-ын 7 төлөөлөгч 832 санал буюу 28,8 хувь, бие даагч 2 төлөөлөгч 382 санал буюу 13,1 хувийн санал авсан дүнтэй байна. Мөн төлөөлөгчдийн хамгийн ахмад нь 61 настай Ж.Дамба, хамгийн залуу нь 32 настай Б.Алтангэрэл нар юм. Харин хамгийн олон удаа буюу 6 удаа сонгогдсон төлөөлөгч Ц.Насанжаргал байгаа бол анх удаа сонгогдсон 10 төлөөлөгч байна.

ГАЛШАР сумын ИТХ-ын анхдугаар хуралдаан 11 дүгээр сарын 07-ны өдөр 100 хувийн ирцтэйгээр хуралдаж, төлөөлөгчдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрч зохион байгуулалтын асуудлуудаа хэлэлцэн шийдвэрлэжээ. Сумын ИТХ-ын даргаар П.Энхбаатарыг сонгож, сумын Засаг даргад Б.Энхтайваныг нэр дэвшүүлж, аймгийн Засаг даргаар батламжлуулахаар хүргүүлсэн байна. Ирэх 4 жил тус сумын ИТХурал нь АН-аас 19, МАН-аас 2 төлөөлөгчтэйгээр ажиллахаар болсон байна.

ДАРХАН сумын ИТХ-ын анхдугаар хуралдаан удахгүй болно. Тус суманд МАН-11, АН-3, ИЗНН-1 суудал авчээ.

БАЯНХУТАГ сумын ИТХ-ын анхдугаар хуралдаан тодорхойгүй хугацаагаар хойшлогдсон байна. Тус сумын ИТХ-д МАН-11, АН-10 суудал авсан аж.

Д.Одонтунгалаг

Холбоотой мэдээ