Завхан эх нутаг дундын хоршоо 7800 аад бүтээгдэхүүн үйлдвэрлэжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАНАДРА Монгол ОУБ-ын Хөдөөгийн эдийн засгийг хөгжүүлэх төслийн хүрээнд хөгжиж буй "Завхан Эх нутаг" дундын хоршооны бүх гишүүдийн хурал боллоо.
Тус хурлаар 14 гишүүн хоршооны 2016 оны үйл ажиллагааг дүгнэж хэлэлцэх ирэх онд хийхээр төлөвлөсөн ажлуудаа нэгтгэж батласан байна. Түүнчлэн 2017 оны хөгжлийн зураглалаа гаргаж, бизнес төлөвлөгөөгөө боловсруулан, түүн дээрээ үндэслэн үйл ажиллагаагаа өргөжүүлэхээр болжээ. Мөн Завхан нутгийн бренд болсон САРТУУЛ ноосоор бүх төрлийн эсгий болон ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэж, нутгийн хөрсөнд ургуулсан органик хүнсээр иргэдэд үйлчлэх үйлчилгээгээ өргөтгөх аж. Тус хоршоо өнгөрсөн жил үйл ажиллагаагаа найдвартай явуулахад шаардлагатай бүхий л тоног төхөөрөмжөөр бүрэн хангагджээ.
Тэдний гол хэрэглэгчид нь өөрийн болон зэргэлдээх аймаг сумын хэрэглэгчид бөгөөд тэдгээрийг өвлийн нөхцөлд нэн шаардлагатай дулаан эсгий эдлэлээр хангаж жилийн хугацаанд 13 нэр төрлийн 7800-гаад эсгий бүтээгдэхүүн үйлдвэрлэжээ. Мөн аймагтаа төдийгүй хил дамнасан үзэсгэлэн худалдаанд тогтмол амжилттай оролцсоор ирсэн байна. Өнгөрсөн жил хоршоо гишүүдээ бизнесийн болон мэргэжлийн сургалтуудад долоон удаа шаталсан байдлаар хамруулж чадавхжуулжээ. Тодруулбал Адра Монгол ОУБ-ын дэмжлэгээр хөгжиж ирсэн Завхан аймгийн хоршоод хамтран 2013 онд анх Завхан эх нутаг дундын хоршоог байгуулжээ. Одоогоор Завхан аймгийн "Завхан Эх нутаг" Дундын хоршоо нь 14 гишүүн хоршоодтой бөгөөд мал аж ахуйн түүхий эд бүтээгдэхүүн зуучлан борлуулах, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмж зуучлан борлуулалт худалдаа, төмс хүнсний ногоо үрслэг тариалалт хадгалалт хамгаалалт, өргөн хэрэглээний барааны худалдаа, ноос ноосон бүтээгдэхүүн арьс ширэн эдлэлийн үйлдвэрлэл худалдаа, газар тариалан хадлан тэжээл бэлтгэх, даршилсан нөөшилсөн бүтээгэдхүүний үйлдвэрлэл, худалдаа, гадаад худалдаа, лизингийн үйлчилгээ зэрэг үйл ажиллагааг явуулж байна.
Б.Мягмарсүрэн