Хөгжлийн бэрхшээлтэй иргэд иогоор хичээллэдэг болно

Орон нутагт | Завхан
myagmarsuren@montsame.mn
2016-11-16 18:12:43

Завханы хөгжлийн бэрхшээлтэй иргэд бясалгалд хамрагдаж байна.

Жил бүрийн 12-р сарын 3-ны өдөр тохиодог хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдрийг угтан Завханы  Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсээс олон арга хэмжээ явуулж байгаа билээ. Үүний нэг нь аймгийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг амьдрах урлаг бясалгалын гурван өдрийн сургалтанд хамруулж байгаа явдал юм. Бясалгалын сургалтанд аймгийн 24 сумын 73 хөгжлийн бэрхшээлтэй иргэн оролцжээ.

Энэ үеэр хөгжлийн бэрхшээлтэй иргэд амьдрах ухаан болон “Иог бясалгал”-ын талаар анхан шатны мэдлэг олж өөрийгөө удирдан жолоодож тайвшруулан зөв бодол санаа, сэдэл бий болгох чадварыг эзэмших аж. Учир нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нийгэмших, нийгмийн олон талт үйл ажиллагаанд оролцоход сэтгэл зүй хичээл зүтгэл, тэвчээр дутагдалтай байдгыг зохион байгуулагчид онцолсон бөгөөд энэхүү сургалт хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үр өгөөжтэй сургалт болохыг хэллээ.

Хичээлийг Шри Шри амьдрах урлаг бясалгалын төвийн багш Б.Авирмэд үнэ төлбөргүй заажээ. Сургалтанд хамрагдсан иргэдээс цаашид иогоор үргэлжлүүлэн хичээллэх бол аймгийн Нийгмийн Халамжийн хэлтсээс санхүүжилтээр хангах юм байна. Дашрамд Завхан аймагт 3800 гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэн байдаг бөгөөд Улиастай хотод 720 гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэн оршин сууж байна.

Б.Мягмарсүрэн

Холбоотой мэдээ