"Улс тунхагласны өдөр"-өөр амрах хуулийн төслийг дэмжлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ
gantuya@montsame.mn
2016-11-16 17:24:37

УИХ-ын зарим гишүүдээс өнөөдөр өргөн барьсан Үндсэн хуульт Бүгд Найрамдах Улсаа тунхагласны өдөр буюу 11 дүгээр сарын 26-нд бүх нийтээр амрах хуулийн төслийг Төрийн байгуулалтын байнгын хороо хэлэлцэж дэмжлээ. 

УИХ-ын гишүүн Я.Содбаатар, Б.Жавхлан, Г.Мөнхцэцэг, Ж.Батзандан нар Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өнөөдөр УИХ-ын даргад өргөн барьсан. Уг төслийн дагуу жил бүрийн 11 дүгээр сарын 26 буюу Үндсэн хуульт Бүгд Найрамдах Улсаа тунхагласны өдрийг нийтээр тэмдэглэх баярын өдөр болгон тэмдэглэж байсан уламжлалыг сэргээхээр тусгасан юм.

Уг хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг өнөөдөр хуралдсан Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж дэмжсэн юм. Ингэснээр дээрх төсөл УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэгдэх боллоо.

Мөн тус байнгын хорооны хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр Д.Одбаярыг томилох тухай асуудлыг хэлэлцэн дэмжсэн. Д.Одбаяр нь 2008-2012 онд УИХ-ын гишүүн, мөн Хууль, зүй, дотоод хэргийн сайд зэрэг албыг хашиж байсан юм.

Н.Туяа

 

Холбоотой мэдээ