Аймгийн нийгмийн даатгалын авлагын 90 хувь нь Бор-Өндөрийн үйлдвэрийнх
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙХэнтий аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн нийт авлага 5 тэрбум 364.4 сая төгрөгт хүрсэний 90 хувийг Бор-Өндөрийн УБҮ-ийн шимтгэлийн өр дангаараа эзэлж байна.
Тодруулбал тус үйлдвэрийн шимтгэлийн өр хуримтлагдан өссөөр 4 тэрбум 823.2 сая болжээ. Энэ нь дэлхийн зах зээл дээр жоншны үнэ буурч борлуулалт нь зогссоноос үүдсэн бөгөөд худалдан авагч байхгүйгээс үйлдвэрийн санхүүгийн үйл ажиллагаа доголдож, ийнхүү өр үүссэн аж.
“Монголросцветмет” ХХК-ийн харьяа Бор-Өндөрийн Уулын баяжуулах үйлдвэрийн шимтгэлийн өрийг барагдуулах үүднээс аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс 2 удаа шүүхэд хандаж, 4 тэрбум 237.7 сая төгрөгийн шимтгэлийн өрөнд шийдвэр гаргуулсан боловч өнөөдрийг хүртэл төлөгдөөгүй байдалтай байна.
Жил ирэх тутам тэтгэвэр тэтгэмжийн зарлага тогтмол өсөж байгаа бөгөөд сангийн орлогоороо зарлагаа нөхөж чадахгүй хүндрэл тус салбарт үүсэх болсон байна. Энэ нь хүн ам зүйн насжилт, оршуулгын тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлсэн, эдийн засгийн хүндрэл үүссэнтэй шууд холбоотой аж ахуйн нэгж байгууллагууд нийгмийн даатгалын хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхэд хүндрэл учирч шимтгэлийн өр сүүлийн үед ийнхүү эрс өсчээ.
Тус аймгийн хувьд томоохон өртэй байгууллагууд буюу Бэрх-Уул ХК 85.1 сая төгрөг, Энсада- Истерн ХХК 55.8 сая төгрөг, харин төсөвт байгууллагууд нийт 143,2 сая төгрөгийн шимтгэлийн өртэй байна.
Хэнтий аймгийн хэмжээнд сар бүр шимтгэл төлөлтийн тайлан өгдөг 207 төсөвт байгууллага, 635 аж ахуйн нэгж байдаг аж. Аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс нь энэ сарын байдлаар нийгмийн даатгалын санд 12 тэрбум 335.8 сая төгрөг оруулахаас 11 тэрбум 777.7 сая төгрөгийг оруулж, сангийн орлогын төлөвлөгөөгөө 95.5 хувиар биелүүлэн ажиллаж байна.
Д.Одонтунгалаг