Хүйтэн өвөл болж болзошгүй гэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2016-11-16 15:44:05

Монголын орчин цагийн зурхайчдын үзэж байгаагаар бол тухайн жил илүү сар зуны улиралд тохиовол урт дэлгэр зуншлага, намар тохиовол ургац арвин налайсан, хавар тохиовол хавсарга ихтэй, өвөл таарвал тачигнасан урт өвөл болохыг ажигласаар ирсэн байна. Эндээс харахад, энэ өвөл ихэд хүйтрэх төлөвтэй аж.

XVII жарны “Муу нүүрт” хэмээх Гал бичин жилийн хүйтний улирал 2016 оны аравдугаар сарын 31-ний өдрөөс 2017 оны хоёрдугаар арын 27 хүртэл 118 хоног үргэлжлэх гэнэ. Гэхдээ, Архангай аймгийн Хангай, Цахир, Тариат, Хайрхан, Хашаат сумыг эс тооцвол, бусад 14 суманд хавар, зун, намар сайхан болсон. Нөгөөтэйгүүр ашдын билгээс амны билэг гэдэг болохоор малчин зонтой уулзаж ярилцахад, гайгүй ээ өнтэй өвөл болох байх. Өвс тэжээл, өртөг бууц, хашаа саравч, хувцас хунараа сайн базаасан гэцгээж байна.

“Цэцэрлэг” станцаас мэдээлж байгаагаар сүүлийн жилүүдэд цаг уурын өөрчлөлт эрс хурдацтай явагдаж, дулааралт нэмэгдэж байгаагаас 40-60 хэм хүртэл тийм ч их хүйтрэхгүй гэж “Тогтвортой хөгжил” –төслийн багийнхан үзэж байна.

Гэвч хэн хүнгүй 10-аад жил болоод давтагддаг байгалийн гамшгаас сэрэмжилж бэлтгэл сайтай байгаа нь илт байна. Тиймээ, үхрийн сүүлэн дээр хутга гэдэг. 12, нэг, хоёрдугаар сардаа олон хоногийн үргэлжлэсэн хүйтэн болбол, мал яадгийг манай малчид 2009-2010 оны үеэр үхэр жилийн өвлийн их цас, олон хоног үргэлжилсэн хүйтнээс сургамж авсан. Үүнийгээ ч мартаагүй, дотроо бодолтой, доороо суудалтай байгаа нь ажиглагдсан.

Таван сая малаа 14126 малчин өрхийн 26915 малчин хариулж байна. Аймгийн хэмжээнд 42 мал эмнэлэг үржлийн нэгж ажиллаж, 1,1 сая толгой малыг халдварт өвчнөөс урьдчилан сэргийлж, 1,5 сая мал малыг паразиттах өвчнөөс сэргийлэх арга хэмжээнд хамруулж байгаа талаар ЗДТГ-ын хөрөнгө оруулалт хөгжлийн бодлого зохицуулалтын мэргэжилтэн С.Дархижав танилцууллаа. 

 Л.Булган

 

 

Холбоотой мэдээ