Шинэ хуулиудыг сурталчлах сургалт эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
erdenechimeg@montsame.mn
2015-10-12 16:16:12

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас “Төсвийн тухай хууль”, “Шилэн дансны тухай хууль”-ийн тухай сургалтыг 21 аймгийн иргэдэд явуулж байгаа билээ.

Энэ хүрээнд “Монгол хэлний тайлбар толь бүтээхэд иргэдийн оролцоо” сэдэвт сургалтыг 21 аймгийн төрийн албан хаагч, ерөнхий боловсролын сургуулиудын Mонгол хэлний багш нарт зориулан явуулахаар болсон. ХБНГУ-ын “Конрад Аденаурын сан”-гийн санхүүжилтээр зохион байгуулж буй  “Иргэдийн оролцоо” сургалтыг энэ сарын 12-нд Дархан-Уул аймагт нээлттэй зохион байгуулж эхэллээ.

Тус сургалтаар өнгөрсөн оны нэгдүгээр сарын нэгнээс  хэрэгжиж эхэлсэн “Төсвийн тухай хууль” түүний дотор “Орон нутгийн хөгжлийн сан”, энэ оны нэгдүгээр сарын нэгнээс хэрэгжиж эхэлсэн “Шилэн дансны тухай хууль”-иудад иргэдийн оролцоог хэрхэн хангасан тухай нийтэд сурталчилж оролцоог нь нэмэгдүүлж хууль орон нутагт хэрхэн хэрэгжиж  байгаатай танилцаж хууль хэрэгжүүлэхэд үүсч байгаа нөхцөл байдлыг судлах, иргэдэд мэдээлэл хүргэх юм байна. 

Мөн “Монгол хэлний тайлбар толь” бүтээхэд орон нутгийн иргэдийг татан оролцуулж эх хэл, соёлтой холбож идэвхжүүлэхэд сургалтын зорилго чиглэгдэх аж. Сургалтыг Шинжлэх Ухааны Академийн Хэл зохиолын хүрээлэнгийн судлаачид удирдан явуулах юм байна.

                    Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ