Эрүүл мэндийн салбарынхны харилцааны ёс зүйг сайжруулах нь чухал гэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2016-11-15 11:03:50

Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэнгээр ахлуулсан баг Дархан-Уул аймагт ажиллаж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний үйл ажиллагаатай танилцав.

Сайдын бүрэлдэхүүнийг аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинбат хүлээн авч уулзан, тус аймагт хүн ам өсч, төрөлт нэмэгдсэнтэй холбоотой Амаржих газрыг шинээр байгуулах зайлшгүй шаардлагатэй тул дэмжиж өгөхийг хүслээ.

Ажлын баг аймгийн Нэгдсэн эмнэлэг, Гос-хот Өрхийн эрүүл мэндийн төв, Эрүүл мэндийн газрын үйл ажиллагаатай танилцав. Нэгдсэн эмнэлгийн Амаржих тасаг, хүүхдийн тасгийн тусламж үйлчилгээтэй танилцах явцад үйлчлүүлэгч, эцэг эхтэй ярилцаж, санал хүсэлтийг нь сонсов.  Хүүхдийн тасагт амралтын өдрүүдэд үзлэг хийж байгаа нь сайшаалтай боловч Өрхийн эрүүл мэндийн төвийн үзлэгийг зохицуулалт хийж амралтын өдрүүдэд үзүүлдэг болохоос гадна эцэг, эх иргэдийн  үр хүүхдийнхээ эрүүл мэндэд анхаарч,  эрүүл мэндийн боловсролыг сайжруулах  талаар хичээх хэрэгтэй гэдгийг зөвлөж байв. 

Гос-хот Өрхийн эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаатай танилцаж, байгууллагын мэндлэх, хүндлэх соёл, зохион байгуулалт, хамт олны идэвхи санаачилгатай үйл ажиллагааг өндөр үнэлж, алслагдсан багийн иргэдэд үзүүлэх явуулын үзлэг шинжилгээнд ашиглаж байгаа Мобайл ЭХО, ЭКГ зэрэг оношилгооны багаж хэрэгслийг үзэж сонирхов. Мөн хүүхэд нярайн гэрийн эргэлтийн байдлыг бүртгэл, маягттай тулган хянаж, мэргэжлийн зөвлөгөө өглөө.

Дэд  сайдын багийнханд  Эрүүл мэндийн газрын дарга Б.Батцэнгэл аймгийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний өнөөгийн байдал, тулгамдаж байгаа асуудлуудыг танилцуулав. Дэд сайд ойрын жилүүдэд төсөв нэмэгдэхгүй боловч Засгийн газраас эрүүл  мэндийн салбарын төсвийг хасаагүй баталсныг дуулгаад, нийгмийн эрүүл мэндтэй холбоотой томуугийн улирал угтаж, цэцэрлэг, ЕБС-ийн хүүхдүүдэд цэгэн массаж хийж сургах, үдийн цайг амин дэмээр баяжуулах үүргийг боловсролын байгууллагынханд өгөв. Мөн эрүүл мэндийн салбарын нэр хүнд нийгмийн хүрээнд унаж байгаа учраас бүх эмч ажиллагсад хүнтэй харьцах харилцаа, ёс зүйн хандлага, эв дүйгээ сайжруулах, энэ чиглэлээр хариуцлагатай байх нь чухал гэдгийг онцлов. Эмнэлгийн тусламж үйлчилгээг сайжруулах чиглэлээр гарсан тушаал шийдвэрийг хэрэгжүүлэх, эмч нар тодорхой стандарт удирдамжаар ажиллавал үр дүнтэйг зөвлөлөө.

Аймгийн Хувийн хэвшлийн эрүүл мэндийн холбооны дарга Д.Бат-Эрдэнэ  сайдын  хувийн хэвшлийн эмнэлгийн бүтэц үйл ажиллагааны стандарттай болох, магадлан итгэмжлэлийн шалгуур үзүүлэлтийг тусад нь гаргах, төрийн эмнэлгийн амбулаторийн зарим тусламж үйлчилгээг хувийн хэвшилд шилжүүлэх тухай санал тавив.

Уулзалтын үеэр эрүүл мэндийн байгууллагад олон жил үр бүтээлтэй ажилласан зарим эмч, сувилагч нарыг шагнаж урамшууллаа гэж ЭМЯ-наас мэдээллээ.

 

Холбоотой мэдээ