Шанхайн “Disneyland” парк 4 сая жуулчин хүлээн авчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
sarnai@montsame.mn
2016-11-14 12:18:04

БЭЭЖИН. /Xinhua/. Өнгөрсөн зургадугаар сарын дундуур Хятадын Шанхай хотод нээгдсэн “Disneyland” парк дөрвөн сая гаруй зочин хүлээн авчээ.

Энэ тоо нь "тус парк жуулчдыг татахдаа тааруухан байна" гэж шүүмжилж байсан орон нутгийн мэргэжилтнүүдийн хийсэн тооцоог няцаасан юм. “Disney” группийн гүйцэтгэх захирал Боб Игер тус группын гуравдугаар улирлын тайланг нийтэлсний дараа санхүүгийн шинжээчидтэй хамтран хийсэн хурлын үеэр дээрх тоон үзүүлэлтийг танилцуулсан байна.

“Бид үйл ажиллагаагаа эхэлснээс хойших эхний дөрвөн сарын байдлаар 4 сая жуулчдыг хүлээж авсан байна. Энэ нь мэдээж зуны оргил улирал байсан” гэж Б.Игер ярьжээ.

Тэрбээр улирал бүрээр тоон үзүүлэлтүүд өөрчлөгдөнө гэдгийг дурдаад “магадгүй та бүхний зарим нь бодохдоо, эхний жилд дээрх тоог 10 сая хүргэж чадах нээ гэж урьдчилан тооцоолж байж магадгүй. Бид ийм тоонд хүрэхийг хүсч байгаа боловч яг одоо бол ийм тодорхой зорилго тавиагүй” гэжээ.

Шанхай хотын Санхүү, эдийн засгийн их сургуулийн нэгэн багш болон “Nomura” үнэт цаасны шинжээчийн тооцоолсноор, тус парк нь өдөрт хамгийн багадаа 20 мянган хүн хүлээн авч байгаа ажээ.

Энэ долоо хоногийн эхээр “Shanghai Disney Resort”-ийн хамтран эзэмшигчид болох “Disney” болон “Shanghai Shendi” компаниуд мэдэгдэхдээ, тухайн бүсэд “Toy Story Land”-ыг байгуулах барилгын ажил эхэлснийг зарласан юм.

Х.Сарнай

 

 

Холбоотой мэдээ