Шатар сонирхогчдын аймгийн аварга шалгаруулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2016-11-14 12:05:04

Өмнөговь аймгийн шатар сонирхогчдын аймгийн аварга шалгаруулах тэмцээн болох гэж байна.

Уг тэмцээн 12 дугаар сарын 10-11-ний өдрүүдэд Даланзадгадад болох бөгөөд шатрын спортыг түгээн дэлгэрүүлэх, нийтэд сурталчилах, өсвөрийн шилдэг шатарчдыг бэлтгэх, шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох шатарчдыг сонгон шалгаруулах зорилготой ажээ. Тэмцээнд сүүлийн 2 жилийн хугацаанд рэйтинг нь 2000-с хэтрээгүй, шатрын спортын цолгүй шатарчид оролцох эрхтэй юм байна.

Энэхүү шатрын тэмцээнийг Өмнөговь аймгийн шатрын холбооноос томилсон шүүгчдийн баг ФИДЕ болон Монголын шатрын холбооны дүрмийг баримтлан шүүнэ. Тэмцээнд өсвөрийн болон насанд хүрэгч шатарчид нэгдэж швейцарь системээр 9 өрөг тоглох бөгөөд өсвөрийн шатарчид зөвхөн өсвөрийн шатарчдын шагналын төлөө өрсөлдөх юм.

Тус арга хэмжээг 2016 оны УИХ-ийн даргын ивээл дор зохион байгуулах шинэ үндсэн хууль баталсны 25 жилийн ойд зориулж байгаа аж.

Д.Мишигсүрэн

Холбоотой мэдээ