Хорт хавдартай тэмцэх 14 хоногийн аян үргэлжилж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2016-11-14 10:11:14

Дорноговь аймгийн ЭМГ-аас хорт хавдартай тэмцэх 14 хоногийн аяныг зохион байгуулж байна.

Аяныг “Хөх, умайн хүзүүний хорт хавдрын эрт илрүүлгийг хэрэгжүүлье” уриан дор зохион байгуулж байгаа аж. Учир нь халдварт бус өвчний эрт илрүүлгийн үзлэгийг 4 өвчинд үндэслэж явуулдаг бөгөөд иргэд хамгийн бага хамрагддаг нь хөх, умайн хүзүүний үзлэг гэж албаны хүн тайлбарлалаа.

Сүүлийн 5 жилд Дорноговь аймгийн хэмжээнд 100 гаруй хорт хавдар бүртгэгдсэн бөгөөд үүний 72.9 хувь нь  хожуу үедээ оношлогдсон аж.

2012-2015 онд Дорноговь аймагт 8291 эмэгтэй хөх, умайн хүзүүний хорт хавдрын үзлэгт хамрагдсанаас 39 эмэгтэй хорт хавдраар эрт үедээ өвчилснийг оношилж эмнэлгийн хяналтад авчээ. Өвчнийг эрт үед нь оношилж чадвал эмчлүүлж эрүүл саруул болох бүрэн боломжтой аж.

Аймгийн ЭМГ-аас аяны удирдамжийг боловсруулж сумдын эрүүл мэндийн байгууллагад хүргүүлсэн бөгөөд удирдамжийн дагуу эрүүл мэндийн анхан шатны байгууллагууд үзлэгийг  зохион байгуулж буй. Энэ оны 10 дугаар сарын байдлаар хамрагдвал зохих нийт хүн амын 41.5 хувь нь үзлэгт хамрагджээ.

Аяны хүрээнд Улсын Хавдар судлалын Үндэсний төвд эрт илрүүлгийн хөтөлбөрийн сургагч багш бэлтгэх сургалтад 5 эмчийг сургасан бөгөөд дээрх эмч нар орон нутгийнхаа эмч эмнэлгийн ажилтнуудад мөн л сургалт явуулсан аж. Аяны үйл ажиллагаа энэ сарын 18-ныг хүртэл үргэлжилнэ.

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ