Дэлхийн даамны өсвөрийн аваргын мөнгөн медалийг Сэлэнгэ нутгийн хүү өвөртөлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2016-11-10 23:08:07

Сэлэнгэ аймгийн Сайхан сумын ЕБС-ийн 12 дугаар ангийн сурагч А.Түшигбаяр Турк улсад болсон өсвөрийн Дэлхийн даамын өсвөрийн аварга шалгаруулах тэмцээнээс Мөнгөн медаль хүртсэн бахархам амжилт үзүүлжээ.

Тус тэмцээнд Монгол Улсаас нийт 33 хүүхэд оролцсоны 2 нь Сэлэнгэ аймгийн хүүхэд юм. Монголын баг тамирчид 19 медаль хүртэж, багийн дүнгээр 2-р байр эзэлжээ. А.Түшигбаяр турк даамны төрөлд оролцож Орос, Итали, Польш, Африкийн тамирчидтай оюуны хүчээ үзэн өрсөлдсөн байна. Түүнийг уг тэмцээнд оролцоход нь аймгийн ИТХ-ын дарга Г.Бямбаа, аймгийн Засаг дарга Ш.Оргил нар дэмжлэг үзүүлсэн юм. Тэрээр аймаг орон нутгийнхаа төдийгүй Монгол Улсынхаа нэрийг дэлхийд гарган амжилт үзүүлэн ийнхүү хариу бэлэг барьжээ. Өнөөдөр А.Түшигбаяр хүү даамын багш З.Дунжидмаагийнхаа хамт амжилтын гэрч болсон цом, медалиа гялалзуулсаар аймгийн ИТХ-ын дарга Г.Бямбаа болон аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Ж.Батсайхан нарт баярласан талархсанаа илэрхийлэн уулзлаа.
Тэрээр даамын спортоор 11 дэх жилдээ хичээллэж байгаа бөгөөд 2011 оны Даамын спортын өсвөрийн улсын аварга, 2016 оны даамын спортын өсвөрийн улсын аваргын Мөнгөн медаль, Даамын спортын Азийн аваргын Алтан медаль, Даамын спортын Азийн Хүрэл медалийг 2 удаа тус тус хүртэж байжээ. Тэрээр дараа жил Узбекстан улсад болох залуучуудын азийн аваргад оролцох бэлтгэлээ өнөөдрөөс эхлэн базаана гэлээ. Түүний дасгалжуулагч багш З.Дунжидмаа өөрийн гэсэн зорилготой, дуулгавартай, хичээмтгий хүүхэд учир энэ амжилтанд хүрч чадлаа хэмээн шавиараа бахархлаа.

Ч.Отгонцэцэг

 

 

Холбоотой мэдээ