Гурван сумын Засаг дарга томилогдов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2016-11-10 19:54:31
Yesukheitumur Tumurbaatar

Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг даргаар Н.Мөнхсайхан, Угтаалцайдам сумын Засаг даргаар Н.Гантулга, Архуст сумын Засаг даргаар Б.Батбаатар нарыг томиллоо.

Төв аймгийн 27 сумын ИТХ-д иргэдээс хамгийн олон санал авсан төлөөлөгч нар сонгогдон анхны хурлаа хийж, засаг даргад нэр дэвшичгдийг өргөн мэдүүлсэн юм. Үлдсэн сумдын Засаг дарга нарыг ирэх 7 хоногоос томилох юм байна.

Сонгуулийн үр дүнд байгуулагдсан сумдын төлөөлөгч нар нь эрх зүйн бүрэн чадамжтайгаар хуралдаж, нэр бүхий хүмүүсийг Төв аймгийн Засаг даргад уламжлан Төв аймгийн Засаг даргын зөвлөлийн бүрэлдэхүүн болон авилгалтай тэмцэх газар шалгаж үзсэний үндсэн дээр томилогдлоо хэмээн Төв аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Ч.Сарангэрэл онцолсон юм.

Мөн энэ үеэр агентлагийн дарга нар ажил үүргээ хүлээж авч байгаа сумдын Засаг дарга нарт заавар зөвлөмжөө өгч орон нутгаа хөгжүүлж гар нийлэн хамтран ажиллахыг хүслээ. Харин Төв аймгийн Засаг дарга шинээр томилогдсон сумдын Засаг дарга нарт хандан “Иргэд олон түмний их итгэлийг хүлээж сонгогдсоноос гадна эдийн засгийн хүнд үед ажил үүргээ хүлээж авч байгаа учраас цаашид ажил үүрэгтээ хариуцлагатай хандаж сум орон нутгийн хөгжилд хоёргүй сэтгэлээр ажиллах"-ыг онцлон захилаа.

Тэрээр цааш нь хэлэхдээ Төв аймгийн Засаг даргын зүгээс Төсвийн тодотголоо хийж нэгжийн хуулиар төрийн төлөөлөгч нар Монгол Улсын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх нутгийн өөрөө удирдах байгууллага учраас өөрийн чадамждаа тулгуурлан хөгжихөөс гадна цаашид иргэдийн оролцоо санал бодолд тулгуурлан үйл ажиллагаагаа явуулах, ил тод нээлттэй байх зарчим дээр тулгуурлан ажиллах талаар үүрэг чиглэл өглөө.

Т.Есүхэйтөмөр

Холбоотой мэдээ