Зайлшгүй шаардлагатай эмийг НӨТ, гаалийн татвараас чөлөөлөхийг хүсэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2016-11-10 15:31:23

ЭМЯ-ны Эм үйлдвэрлэл, технологийн газрын дарга Л.Мөнхтулга үндэсний эм үйлдвэрлэгчид болон эм холбооны төлөөлөлтэй уулзаж  эм, эмнэлгийн хэрэгслийн үйлдвэрлэлд тулгамдаж буй хүндрэл бэрхшээл, түүнийг цаашид хэрхэн шийдвэрлэх талаар санал солилцов.

Эм зүйн салбарын 2015 оны статистик үзүүлэлтээр Монгол Улсын хэмжээнд 33 эмийн үйлдвэр ажиллаж 32.7 тэрбум төгрөгийн эмийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, 28.1 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн борлуулсан байна. 2015 онд эмийн үйлдвэрүүд нийт 1064 нэр төрлийн эм үйлдвэрлэсэн бөгөөд борлуулалтаар авч үзвэл дотоодын эмийн зах зээлийн 14.57 хувийг эзэлж байгаа нь өнгөрсөн онтой харьцуулахад 3.31 хувиар өсчээ.

Оролцогчдын зүгээс хүн амыг чанарын баталгаатай, боломжийн үнэтэй эмээр хангах, үйлдвэрлэлийг GMP шаардлагад нийцүүлэхээр идэвхтэй ажиллаж, эмийг улсын бүртгэлд бүртгүүлсэн талаар дурдаад  хэд хэдэн асуудлаар дэмжлэг хүслээ. Үүнд зайлшгүй шаардлагатай эм, түүний түүхий эд, сав баглаа боодлыг НӨТ болон гаалийн татвараас чөлөөлөх, эмийн үйлдвэрийн онолын мэдлэгийг сургалтын хөтөлбөрт оруулах, дотоодын эмийн үйлдвэрийн бүтээгдэхүүн чанаргүй гэсэн ойлголт түгээмэл байгааг эмч, ард иргэдэд зөвөөр ойлгуулах, шинэ эм бүтээх судалгаанд инновацийн сангаас дэмжлэг үзүүлэх, эмийн үнийг тогтворжуулах арга хэмжээ авах, эмийн зах зээлийн талаарх мэдээлэл, мэдээний санг нээлттэй болгох зэрэг асуудлыг шийдвэрлэхийг хүсэв.

Мөн энэ үеэр ирэх 4 жилд хамтран ажиллах төлөвлөгөө батлан, хэрэгжүүлэхээр боллоо. 

Уулзалтад нийт 19 эм, эмнэлгийн хэрэгслийн үйлдвэрийн төлөөлөл оролцов.

Ж.Болор

Холбоотой мэдээ