ШХАБ Узбекистан руу ажиглагчдаа илгээнэ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРБЭЭЖИН. /TASS/. Узбекистаны Ерөнхийлөгчийн сонгуулийг ажиглахын тулд тус улс руу төлөөлөгчдөө илгээнэ гэж ШХАБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Рашид Алимов мэдэгдэв.
Парламентын гишүүд, төв болон бүс нутгийн сонгуулийн хорооны төлөөлөгчид, ШХАБ-ын гишүүн орнуудын Гадаад хэргийн яам болон Засгийн газрын харьяа байгууллагуудын албаны хүмүүс, ШХАБ-ын Нарийн бичгийн дарга нарын газрын ажилтнууд зэрэг хүмүүсээр ажиглалтын багийг бүрдүүлэх бөгөөд тус багийг ШХАБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга ахална гэж тэрбээр мэдэгдлээ.
Есдүгээр сард Узбекистаны Сонгуулийн төв хороо ШХАБ-д урилга илгээсэн байна.
"Ажиглагчдын багийн эхний хэсэг сонгууль болохоос нэг долоо хоногийн өмнө Узбекистанд очно. Бид тус улсын сонгуулийн тухай хууль тогтоомжид үнэлгээ хийж эхэлсэн бөгөөд сонгуулийн явцыг зөв зохистой дамжуулж, сонгогчид шаардлагатай мэдээллийг бүрэн авч байгаа эсэхийг ажиглах үүднээс тус улсын хэвлэл мэдээллийн байгууллагуудад мониторинг хийж байна" гэж Рашид Алимов хэллээ.
Мөн тэрбээр "Узбекистаны хэвлэл мэдээллийн байгууллагууд сонгуулийн кампанит ажлыг сонгуулийн хуулийн дагуу дамжуулж байгаа эсэхийг бидний хийх үнэлгээ харуулна. Мөн нэр дэвшигчдийг тэнцвэртэй боломжоор хангаж, мэдээлэл олгох зорилго бүхий нэвтрүүлгүүдийг радио, телевизээр тогтмол цацсанаар сонгогчид сонголтоо зөв хийх боломжтой болох юм” гэж мэдэгдэв.
Д.Нямтулга