Мосулын 1.25 сая оршин суугчдад хүрэлцэх хэмжээний хүнс хүргэжээ

Дэлхийд | Нийгэм
nyamtulga@montsame.mn
2016-11-08 10:40:21

ВАШИНГТОН./VOA/. Иракийн хоёр дахь том болох Мосулыг “Лалын улс” бүлэглэлээс чөлөөлөх ажиллагаа гурван долоо хоногийн өмнө эхэлснээс хойш тус хот болон түүний ойр орчмын тосгон суурингуудад амьдардаг 33 мянга орчим хүн орон гэрээсээ дайжин дүрвэсэн байна.

Хотуудад тулалдаан болж байгаа энэ үед дүрвэгчдийн тоо төсөөлж байснаас цөөн байгаа хэдий ч хүмүүнлэгийн ажилтнууд 700 мянга хүртэлх тооны дүрвэгчдэд тусламж үзүүлэхээр бэлтгэж байна.

Үүнтэй холбогдуулан 700 мянга гэдэг бол асар их тоо юм гэж АНУ-ын Засгийн газрын төлөөлөгч мэдэгджээ. Мосул хотоос дүрвэж байгаа хүмүүсийн тал орчим хувь нь хоргодох байранд амьдарч байгаа нь харьцангуй их тоо юм гэж тэрбээр хэллээ. 

Одоогийн байдлаар 1 сая 250 мянган хүнд хүрэлцэхүйц хэмжээний хүнс хоолыг Иракт зөөвөрлөн хүргээд байна. Мөн 80 мянга орчим хүнийг орогнуулах бааз ирэх сарын дундуур бэлэн болно. Үүнээс гадна 900 усны цистерн, 50 мянган өрхөд зориулсан усны систем, 100 түргэн тусламжийн машин нөөцөд байгаа ажээ.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ