Нигерийн арми хулгайлагдсан охидын нэгийг олжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
sarnai@montsame.mn
2016-11-07 15:47:26

АБУЖА. /Al jazeera/. 2014 онд исламын хэт давруу үзэлтнүүдийн ”Боко Харам” бүлэглэл Нигерийн Чибок хотоос 200 гаруй сурагч охидыг хулгайлсан билээ.

Харин өнгөрсөн бямба гарагт Нигерийн цэргүүд нэг охиныг олсон байна.

Олон улсын Улаан загалмайн нийгэмлэг, Швейцарийн Засгийн газрын зуучлалаар тус улсын засгийн газар хэт даврагчидтай хэлэлцээ хийж эхэлсний дараах долоо хоногт энэ үйл явдал болсон байна. Нигерийн армийн хэвлэлийн төлөөлөгч Сани Усманы мэдэгдсэнээр, охиныг Мариам Али Майяанга гэдэг бөгөөд түүнийг Борно мужийн Пулка хэмээх газраас олжээ. Энэ газарт “Боко Харам”-ын баазаас оргосон хүмүүсийг хайн Самбиса ойг самнаж байгаа юм.

Усманы ярьснаар, цэргүүд охиныг олох үед тэрбээр 10 сартай хүүхэд тэврэн явж байжээ. 

Охиныг олсон тухай мэдээ хулгайлагдсан бүх охидыг суллахыг шаардаж буй “Бидний Охидыг Буцааж Авчир” хэмээх уриатай хөдөлгөөнийхнийг бага ч болов баярлуулж байгаа юм.

Тус хөдөлгөөнийхний ярьснаар, хулгайлагдсан охидын тоо 198 болжээ. 

“Боко Харам” бүлэг 2014 оны 4 дүгээр сарын 14-нд Чибок хот дахь охидын дунд сургуулиас 276 сурагчийг хулгайлсан билээ. Эдгээрээс 57 нь оргон зугтаж чадсан бол одоогийн байдлаар 200 орчим охид ор сураггүй хэвээр байна.

Тэдгээр хүүхдүүдийг аврах болно гэж засгийн газар амласан билээ. Нигери улсад хүн хулгайлах гэмт хэрэг нь улс төрийн ноцтой асуудал үүсгээд байгаа бөгөөд уг асуудалд хандаж буй хандлага болон охидыг аварч чадахгүй байгаагийнх нь төлөө Нигерийн ард иргэд засгийн газар болон цэрэг армийнхныг хатуу шүүмжилж байгаа юм.

Сүүлийн хэдэн долоо хоногийн турш Нигерийн арми “Боко Харам”-ынхны орогнодог газар болох Борно мужийн өтгөн шигүү ойд тусгай ажиллагаа явуулсаар байгаа юм. Бямба гарагт болсон мөргөлдөөнд “Боко Харам”-ын 14 зэвсэгт этгээдийг устгасан тухай гэж Нигерийн армийн хэвлэлийн төлөөлөгч Усман мэдэгджээ. 

2014 оноос хойш “Боко Харам” бүлэглэл 2000 гаруй охид хөвгүүдийг хулгайлаад байгаа юм. Тэдний ихэнх нь бэлгийн мөлжлөгт автаж байгаагаас гадна тэднийг мөн амиа золиослогч болгон бэлтгэж байна гэж “Amnesty International” байгууллага мэдэгджээ.

Нигерийн хойд нутгийн хүн амын ихэнх нь лалын шашинтнууд бөгөөд тэнд үүссэн зэвсэгт мөргөлдөөний улмаас наад зах нь 20 мянган хүн амиа алдаж, 2.6 сая гаруй хүн орон гэргүй болоод байгаа юм.

Х.Сарнай

 

Холбоотой мэдээ