Цагаан зээр агнах зөвшөөрлийг хоёр суманд олгожээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОДДорнод аймгийн Байгаль орчны газраас энэ онд агнах зээрийн тоог 150-иар тогтоожээ. Зөвшөөрлийг Баянтүмэн, Баян-Уул гэсэн хоёр суманд хувааж өгсөн байна.
Сүүлийн үед цагаан зээрийн гол нутаг болох Мэнэн, тамсагийн талд зээрийн тоо толгой ховордож нүүдэл ихэссэнтэй холбоотойгоор агнуурын зөвшөөрлийг хавтгайруулж олгохгүй байгаа билээ. Цагаан зээрийн байгаль экологийн үнэлгээг ооно 550, шаргачин 600 мянган төгрөг байхаар Байгаль орчны яамнаас гаргасан. Харин зөвшөөрөлгүй агнасан тохиолдолд дээрх үнэлгээг хоёр дахин нугалж төлүүлэх хуультай гэнэ.
Харин агнуурын зөвшөөрлийг нэг зээрэнд 100 мянган төгрөгөөс тооцдог. Гэтэл нууц далд аргаар агнасан зээрийн мах 25000-30000 төгрөгөөр зарагддаг нь үнэлгээтэй авцалдаагүй тоо юм. Нэг зээрнээс 100 мянган төгрөгийн ашиг олохгүй нь мэдээж учир зөвшөөрлийн тоог хэтрүүлэн агнах эрсдэл давхар дагуулж байгааг хаана хаанаа бодууштай.
Б.Туяа