Хүүхдийн хөдөлмөрийн эсрэг дэлхийн өдөр тохиож байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-06-12 09:54:35

Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Хүүхдийн хөдөлмөрийн эсрэг дэлхийн өдөр тохиож байна. Энэ өдрийг 2002 оноос эхлэн жил бүрийн зургаадугаар сарын 12-ны өдөр тэмдэглэдэг болсон.


Дэлхий нийтээрээ энэхүү өдрийг 23 дахь жилдээ тэмдэглэж байгаа бөгөөд 2025 онд “Энэ жил ахиц гаргасан ч ахиад урагшлахад хүчээ нэмье” уриалгыг дэвшүүлжээ. Манай улс Олон улсын хөдөлмөрийн байгууллагын Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийн тухай 182 дугаар конвенц, Хөдөлмөрийн насны доод хязгаарын тухай 138 дугаар конвенц, 1930 оны Албадан хөдөлмөрийн тухай 29 дүгээр конвенцод нэгдсэн байдаг бөгөөд 2005 оноос эхлэн энэ өдрийг тэмдэглэж байна.


Монгол Улс 2021 онд Хөдөлмөрийн тухай хуулиа шинэчлэн баталж ажил эрхлэлт, хөдөлмөрийн харилцааны суурь зарчимд “хүүхдийн хөдөлмөрийг хориглох, хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийг устгах” зохицуулалтыг хуульчилж өгсөн юм. Тухайлбал, насанд хүрээгүй хүнийг ажиллах хүч нийлүүлэх гэрээгээр ажиллуулах, мөн уртын гэрээгээр ажиллуулахыг хориглосон. Мөн оюун ухаан, биеийн хөгжил, амь нас, эрүүл мэндэд аюул учруулах, хүмүүжил, ёс суртахуунд сөргөөр нөлөөлөх болон хууль тогтоомжоор хориглосон хөдөлмөр эрхлүүлэхийг хориглосон. Түүнчлэн хүүхдийн хөдөлмөрийг мөлжлөг хэлбэрээр ашиглах, цалин хөлсийг шударга бусаар тооцож олгох, хүүхдийн нэрээр хууль бусаар үйл ажиллагаа явуулах зэрэг тэвчишгүй хэлбэрийн хөдөлмөрийг хүүхдээр эрхлүүлэхийг хориглосон байна. Үүнээс гадна 2024 оны есдүгээр сарын 1-нээс Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулга хэрэгжиж эхэлсэн юм. Тус хуульд хүүхдийн эрхийн улсын байцаагчийн ажлын орон тоог нэмэгдүүлэх, эрх үүргийг нь нэмж тодорхойлжээ.


Өнгөрсөн оны судалгаагаар улсын хэмжээнд аюултай хөдөлмөр эрхэлдэг 60 орчим мянган хүүхэд байдаг аж. Мөн хөдөлмөр эрхэлж байгаа хүүхдүүдийн 48 хувь нь амьжиргааны түвшнээс доогуур өрхийнх байсныг мэргэжилтнүүд хэлжээ. Хүнд ажил хөдөлмөр эрхэлж байгаа хүүхдүүдийн дийлэнх нь хурдан морь унах, мал маллах,барилга угсрах, газар тариалангийн механикжсан ажил хийдэг байна. Монгол Улс 2016 оноос эхлэн хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрүүдийг бүрэн устгах дэлхийн зорилтын хэрэгжилтийг эрчимжүүлэхээр ажиллаж байгаа юм. 

Холбоотой мэдээ