НҮБ-ын Далайн бага хурал Францад эхэлжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
НИЦЦА, 2025 оны зургаадугаар сарын 10 /Xinhua/. Далайн асуудлаарх НҮБ-ын гуравдугаар бага хурал /UNOC3/ Францын өмнөд эрэгт орших Ницца хотноо “Далайг хамгаалах, тогтвортой ашиглах чиглэлд үйл ажиллагааг эрчимжүүлж, бүх оролцогч талыг дайчлах нь” уриан дор өчигдөр буюу даваа гарагт эхэлжээ.
Франц, Коста-Рикагийн хамтран зохион байгуулж буй энэхүү бага хурал нь НҮБ-ын гишүүн
орнуудын засгийн газрын төлөөлөгчид, мөн олон улсын байгууллага, судалгааны
нийгэмлэг, иргэний нийгмийн төлөөлөл,
хувийн хэвшлийн оролцогч талуудыг нэгэн дээвэр дор цуглуулж, дэлхийн далайн тэнгистэй холбоотой тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэх индэр болдог.
Далайн гуравдугаар бага хурлын зорилго нь НҮБ-ын Тогтвортой хөгжлийн 14 дэх зорилт болох “Далай тэнгис, далайн
нөөц баялгийг хамгаалах, тогтвортой ашиглах зорилт”-ын хэрэгжилтэд дэмжлэг
үзүүлэхэд чиглэж байгаа бөгөөд
гурван тэргүүлэх чиглэлийг онцолж байна. Үүнд, далай тэнгисийг
хамгаалахтай холбоотой олон талын үйл ажиллагааг явуулах, 14 дэх зорилтыг хэрэгжүүлэхэд шаардлагатай санхүүжилтийг
босгох, бодлого
боловсруулах үйл явцыг
сайжруулах зорилгоор далайн шинжлэх ухааны мэдлэгийг бэхжүүлэх, түгээн дэлгэрүүлэх багтаж байна.
Нээлтийн хуралдаанын үеэр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш хэлэхдээ, далай бол “хамгийн дээд баялаг боловч бид үүнийгээ алдаж байна” гэлээ. Тогтвортой хөгжлийн 14 дэх зорилт нь хамгийн бага санхүүжилттэй зорилтуудын нэг хэвээр байгаа тул далай тэнгисийг хамгаалахын тулд олон талт хамтын ажиллагаа, улс орнуудын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх шаардлагатай гэж НҮБ-ын тэргүүн хэлжээ. Баасан гараг хүртэл үргэлжлэх эл хурлын үеэр нийт 10 хуралдаан, хэлэлцүүлэг зохион байгуулна.