Парис дахь “Сталинград” дүрвэгчдийн хуаранг буулгаж эхлэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
sarnai@montsame.mn
2016-11-04 16:14:08

ПАРИС. /BBC/. 3000 гаруй хүний  хувьд орон гэр нь болж байсан  Парис хот  дахь цагаачдын түр хуаранг Францын эрх баригчид буулгаж эхэллээ.

Орон нутгийн цагаар өглөөний 06:00 цагт хэдэн зуун хүмүүс дугаарлан зогсож эхэлсэн бөгөөд үүний дараахан цагаачдыг суулгасан эхний автобус тухайн газраас хөдөлжээ. Тэднийг Парис дахь хүлээн авах төвүүдэд хүргэж байгаа аж.

Энэ удаагийн нүүлгэн шилжүүлэх ажиллагаа нь өнгөрсөн долоо хоногт 7000 гаруй хүнийг Кале дахь дүрвэгчдийн хуарангаас нүүлгэсний дараахан болж байгаа гэдгээрээ онцлог юм. Парис хотын захиргааны хэвлэлийн төлөөлөгчийн хэлснээр, уг ажиллагааг явуулахад ямар нэгэн саад тотгор учраагүй байна.

Цагаачдын ихэнх нь Афганистан, Судан зэрэг дайны хөлд нэрвэгдсэн улс орнуудаас иржээ. Хэвлэлийн төлөөлөгчийн ярьснаар, цагаачид дээрх төвүүдэд байх үедээ орогнол хүссэн өргөдөл гаргах боломжтой аж.

Нүүлгэн шилжүүлэх ажиллагаанд 600 гаруй цагдаа нар оролцсон байна. “Сталинград” хуаранг өмнө нь 7 дугаар сард, мөн 9 дүгээр сард татан буулгаж байжээ. Гэтэл түүнээс хойш уг газрыг зорин ирэх цагаачдын тоо асар ихээр нэмэгдсэн тул Кале дахь хуарангийн адилаар хаахаас аргагүйд хүрсэн байна.

“Бид хаашаа явж байгаагаа  огт мэдэхгүй байна. Парис юмуу эсвэл энэ хотын ойролцоо очвол надад зүгээр санагдаж байна. Миний хувьд хамгийн чухал нь албан ёсны бичиг баримттай болох явдал. Энд майханд сар гаруйн хугацаанд амьдарлаа. Энэ газрыг орхин явах нь надад сайхан байна” гэж 28 настай цагаач Халид ярьжээ.

Х.Сарнай

 

Холбоотой мэдээ