Ирэх онд инфляцыг 7 хувьд барина

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2025-05-28 12:30:44

Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв.

 

Хуульд зааснаар УИХ стратегийн баримт бичиг, дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн төслийг жил бүрийн зургаадугаар сарын 1-ний дотор хэлэлцэн баталдаг. Уг хуулийн төсөлд эдийн засгийн өсөлтийг 2026 онд 6 хувь, 2027-2028 онд тус тус 6.5 хувь байхаар тооцож тусгасан байна. Мөн хуулийн төсөлд инфляцыг 2026 онд 7 хувь, 2027 онд 6.4 хувь, 2028 онд 6 хувь байхаар тусгажээ.

 

Инфляцыг бууруулах хүрээнд хөдөө аж ахуйн салбарт цогц шинэчлэл хийж, хүнсний нийлүүлэлтийг тогтвортой нэмэгдүүлэх, гадаад валютын улсын нөөцийг өсгөх, төсвийн зардлын тэлэлтийг хязгаарлах зэрэг ажлыг авч хэрэгжүүлэх аж.

 

Холбоотой мэдээ