Ардын дуу бүжгийн “Алтай” чуулга 50 жилийн ойгоо тэмдэглэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
tsoodol@montsame.mn
2016-11-04 12:41:11

Говь-Алтай аймгийн АДБ-ийн “Алтай” чуулга үүсэн байгуулагдсаныхаа түүхт 50 жилийн ойг саяхан тэмдэглэлээ. Тус чуулгын уран бүтээлчид Говь-Алтай аймгийн сүлд дуу “Зулай цагаан Алтай” дууны хөшөөнд хүндэтгэл үзүүлэн цэцэг өргөж, Улсын баатар М.Жанчивын талбайд жагсан баярын нээлтээ хийж дуулж, бүжиглэн дурсгалын зураг татууллаа.

Чуулгынхаа ойд Улаанбаатар, Эрдэнэт, Дархан хотуудаас 40 гаруй ахмад уран бүтээлчид хүрэлцэн ирж оролцсон байна. Ойн үеэр хүндэтгэлийн концерт, нийт ахмад уран бүтээлчдийн “Эргэн дурсахуй” ардын домогт харилцаа дууны концерт тоглож үзэгчдийн талархалыг хүлээлээ. Анх Соёлын яамны сайдын 1966 оны 03 сарын 15-ны өдрийн 29 тоот тушаалаар байгуулагдсан АДБ-ийн “Адтай” чуулга анхны тоглолтоо 1967 оны 5 сарын 1-нд “Намын ачаар” нэртэй концерт тоглон үүд хаалгаа нээсэн түүхтэй ажээ. Уг чуулга 50 жилийн хугацаанд  хөдөөгийн ард иргэдэд урлаг соёлоор үйлчлэх, соёлын биет болон биет бус үнэт өв зүйлийг хадгалж хамгаалах, сурталчилах, түгээн дэлгэрүүлэх, ардын урлагийг хөгжүүлэх ариун их үйлсэд хүчин зүтгэж, эгнээнээсээ УГЗ Л.Гочоосүрэн, М.Норсонжав, Ш.Аюуш, гавьяат жүжигчин Д.Доёддорж, З.Дашбалбар, П.Мөнхөө, З.Тэрбиш, Б.Рина, Ц.Оюунцэцэг, Б.Лхагва, Л.Оюунчимэг зэрэг олон арван алдартан гавьяатууд, мэргэжлийн уран бүтээлчдийг төрүүлэн гаргасан байна. 50 жилийн хугацаанд 30 гаруй жүжиг, 20 гаруй дуулалт жүжиг, 100 гаруй бүрэн хэмжээний концертыг үзэгч түмэндээ хүргэжээ. Тус чуулга зах зээлийн ороо бусгаа цаг үед ч хаалга үүдээ барилгүй орон нутаг, эх орондоо төдийгүй Болгар улсын Бургас хот, Якут улс, БНХАУ-ын Ганьсу мужийн Сүбэ аймаг, БНАСАУ-д болдог “Хаврын баяр” ОУ ын наадамд, ӨМӨЗО-ны Хөх хотноо болсон Азийн урлагийн 9-р их наадамд оролцож гадаад улс оронд өөрийн уран бүтээлээ сурталчилан таниулж, цаг хугацааны арвин баялаг туршлагатай, ур чадвартай уран бүтээлч мэргэжлийн урлагийн байгууллага болон хөгжиж байна. Түүхт ойн үер аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн тогтоолоор тус чуулгыг Монгол улсын төрийн хошой шагналт, эрдэмтэн зохиолч Чадраабалын Лодойдамбын нэрэмжит болгосон бөгөөд олон уран бүтээлчид Засгийн газрын болон аймгийн шагнал хүртсэн байна.

                                                                                          Ш.Цоодол

Холбоотой мэдээ