Монголын 3х3-ын эмэгтэйчүүд Марселийн цувралаас хүрэл медаль хүртэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 26 /МОНЦАМЭ/. Францын Марсель хотод болсон Сагсан бөмбөгийн 3х3 төрлийн эмэгтэйчүүдийн цуврал тэмцээнд “Улаанбаатар Амазонс” баг гуравдугаар байр эзэлжээ.
Тус тэмцээнд манай улсаас анх удаа “Улаанбаатар Амазонс”, “Монголиа” гэсэн хоёр баг оролцож, “Улаанбаатар Амазонс”-ынхон хүрэл медалийн эзэн болов. Тодруулбал, тэд хэсгийн шатанд Филиппинийг 19:16-гаар, нутаг нэгт “Монголиа”-г 16:8-аар хожсоноор хэсгээ тэргүүлсэн юм. Улмаар шөвгийн наймд Унгарын “Гёор”-ыг 13:10-аар буулган авч, хагас шигшээд шалгарчээ. Энэ шатанд 2024 оны Европын аварга, Парисын олимпын мөнгөн медальт Испанийн шигшээд 21:12-оор дийлдэв. Ингэснээр гурван хожил, нэг хожигдолтойгоор гуравдугаар байрт шалгарч, 8000 ам.долларын эзэн боллоо.
“Улаанбаатар Амазонс”-ын
бүрэлдэхүүнд Б.Ариунцэцэг, О.Хулан, Н.Нандинхүсэл, Б.Болор-Эрдэнэ нар багтсан
юм. Тус баг хоёр цувралд дараалан гуравдугаар байрт шалгарсан амжилт үзүүлэв.