Индонез Улс Монгол Улсад Элчин сайдын яамаа нээнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2025-05-22 16:31:36

Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 22 /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Индонез Улсын хууль тогтоох дээд байгууллагын тэргүүн, Ардын Зөвлөлдөх Хурлын дарга Ахмад Музанид бараалхав.

 

Уулзалтын үеэр дарга А.Музани Монгол Улсын Гадаад харилцааны сайдын Индонез Улсад хийж буй энэхүү албан ёсны айлчлал нь хоёр улсын уламжлалт найрсаг харилцааг гүнзгийрүүлэх, хууль тогтоох дээд байгууллага хоорондын хамтын ажиллагааг шинэ агуулгаар баяжуулахад чухал ач холбогдолтойг онцлон тэмдэглэлээ.

 

Сайд Б.Батцэцэг хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд эрчимтэй өргөжин хөгжиж буйг тэмдэглээд, Гадаад харилцааны сайд нарын албан ёсны яриа, хэлэлцээ үр дүнтэй болж өндөрлөснийг уламжлав. Түүнчлэн талууд иргэдийг харилцан визийн шаардлагаас чөлөөлөх, агаарын тээврийн үйлчилгээний тухай хэлэлцээр байгуулах, мах махан бүтээгдэхүүн экспортлох, импортлох чиглэлээр нягт хамтран ажиллахаар тохирсныг танилцуулав.

 

Тэрбээр 2026 онд тохиох Монгол, Индонез дипломат харилцаа тогтоосны түүхт 70 жилийн ойн хүрээнд хоёр орны харилцааны түвшинг шат ахиулахаар тохирсныг онцлоод, индонезийн тал Монгол Улсад Элчин сайдын яамаа нээх шийдвэр гаргасан нь хоёр орны харилцаанд шинэ хуудас нээж, бодит үр дүн авчрах чухал алхам болж буйг тэмдэглэв.

 

Уулзалтын төгсгөлд талууд энэхүү уулзалт нь Монгол, Индонезын парламент хоорондын уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх, ирээдүйн хамтын ажиллагааны чиг хандлагыг тодорхойлоход чухал ач холбогдолтой болсныг тэмдэглээд, хоёр улсын ардчиллын нийтлэг үнэт зүйлст тулгуурласан хоёр талын харилцааг гүнзгийрүүлсэн чухал алхам боллоо хэмээн дүгнэлээ гэж ГХЯ-наас мэдээлэв.

Холбоотой мэдээ