Австралийн Холбооны Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 21 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Австралийн Холбооны Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Лео Зенг Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив.
Монгол Улсын Ерөнхийлөгч үүрэгт ажилдаа орж буй Лео Зенгэд баяр хүргэж, Австрали нь Монгол Улсын гуравдагч хөрш, Энэтхэг-Номхон далайн бүс нутаг дахь чухал түншүүдийн нэг гэж үздэгийг тэмдэглэв. Харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлж, улс төрийн яриа хэлэлцээг тогтмолжуулах, эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын салбарт хамтран ажиллахын чухлыг онцолж, Элчин сайд энэ чиглэлээр идэвх, зүтгэлтэй ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.
Элчин сайд Лео Зенг Ерөнхийлөгчид талархал илэрхийлж, “Өргөтгөсөн түншлэл”-ийн зарчмаар хөгжиж ирсэн харилцаа, хамтын ажиллагааг шат ахиулах зорилт тавьж буйгаа онцоллоо. Монгол Улс, Австралийн Холбооны Улс хооронд 1972 оны есдүгээр сарын 15-нд дипломат харилцаа тогтоосон юм.