ОРХОН: Хөтөлбөрийн хүрээнд 500 гаруй сурагчид санхүүгийн боловсрол олголоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Баян-Өндөр, 2025 оны тавдугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Ахлах ангийн сурагчдад санхүүгийн суурь мэдлэг олгох “Level Up” хөтөлбөрийг 2 дугаар сарын 11-нээс эхлэн хэрэгжүүлсэн.
Уг хөтөлбөр нь санхүүгийн мэдлэг олгохоос гадна зөв удирдах, зүй зохистой хэрэглээний дадалд хэвшүүлэх, хуримтлалтай иргэн болгон төлөвшүүлэх зорилгоор УИХ-ын даргын санаачилгаар 4 сарын хугацаанд хэрэгжүүлж өнөөдөр дууслаа.
3 сар гаруй хугацаанд нийслэлийн 6 дүүрэг, Орхон, Булган, Говь-Алтай, Ховд аймагт 160 багш сургагч багшаар бэлтгэгдэж 5000 сурагчид санхүүгийн боловсрол олгожээ.
Орхон аймгаас ерөнхий боловсролын 11 сургуулийн 500 гаруй ахлах ангийн сурагч хамрагдсан байна.
Хөтөлбөрийн турш амжилттай оролцсон ерөнхий боловсролын 8 дугаар сургууль “Шилдэг оролцогч” сургууль, шинийг санаачлагч багшаар ерөнхий боловсролын 8 дугаар сургуулийн нийгмийн ухааны багш Н.Мөнхцацрал шалгарсан бол бүтээлч сургуулиар ерөнхий боловсролын 7 дугаар сургууль тус тус шалгарлаа.
Хаалтын үйл ажиллагаанд аймгийн ИТХ-ын дарга Д.Мөнхбат, УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж УИХ-ын Тамгын газрын дэд дарга Ү.Амарбат болон бусад албаны хүмүүс оролцлоо.