"Нөхөрлөл хөгжлийн наадам – 2015 боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
erdenechimeg@montsame.mn
2015-10-11 23:26:35

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн “Экосистемд түшиглэсэн дасан зохицох арга хэмжээг уур амьсгалын өөрчлөлтөд өндөр эрсдэлтэй голуудын сав газарт хэрэгжүүлэх нь”, “Байгалийн нөөцийн менежмент бүхий хамгаалалттай газар нутгийн сүлжээ”, “Орон нутгийн түвшинд гамшгийн эрсдлийг бууруулах менежмент, зохицуулалтын чадавхийг сайжруулах нь” төслүүдийн хүрээнд Дорнод аймгийн Баян-Уул сумын ЗДТГ-аас санаачлан "Нөхөрлөл хөгжлийн наадам - 2015" өнөөдөр Баян-Уул суманд зохион байгуулагдаж байна.

Наадамд Дорнод, Хэнтий аймгийн ЗДТГ, БОАЖГ, УЦУОШГ, ОБЕГ, Улз голын СГЗахиргаа, ТХГН-ийн Хамгаалалтын захиргаа, Улз голын сав газрын 10 сумын ЗДТГ, нөхөрлөлүүд, хоршоо, аж ахуйн нэгжүүд, БОНХАЖЯ, НҮБХХ төслүүд зэрэг 10 сумын 200 гаруй төлөөлөгч ирж оролцож байна.

Мөн Монгол Улс дахь НҮБ-ын суурин зохицуулагч болон НҮБХХ-ийн суурин төлөөлөгч Биати Транкман хүрэлцэн ирсэн юм. Тэрбээр, Жил бүр зохион байгуулдаг “Нөхөрлөлийн хөгжил наадам”-д оролцож байгаадаа баяртай байна. Энэ наадамд зүүн бүсийн Хэнтий, Дорнод аймгийн сумдын орон нутгийн төлөөлөл, нөхөрлөлийн гишүүд, засаг захиргааны төлөөлөгчид болон алс баруун хязгаарын Увс аймгийн сумдаас төлөөлөл ирж оролцож туршлага солилцохоор ирсэн байгаад таатай байна. Мөн НҮБХХ-ийн төслийн төлөөлөгчид ирсэн. Энэ наадмаас туршлагаа харилцан солилцох, хамтын ажиллагаагаа цаашид өргөжүүлэх маш том боломж гэж ойлгож байна. Энэ нутаг бол дэлхийд томд орох тал хээр нутаг, мөн цагаан зээрийн сүрэглэн нутагладаг өлгий болсон байгалийн үзэсгэлэнт газар нутаг юм. Долоо хоногийн өмнөхөн Дэлхийн 193 орны удирдагчид 2015 оны есдүгээр сарын 25-нд 2030 он хүртэлх дэлхий нийтийн хөгжлийн хөтөлбөр болох тогтвортой хөгжлийн зорилгуудыг баталсан. Тогтвортой хөгжлийн 17 зорилго нь хэнийг ч орхигдуулалгүй, ядуурлын бүх хэлбэрийг устгаж, эх дэлхийгээ хамгаалж, хүн төрөлхтөнг тайван амгалан, баян чинээлэг эрх тэгш амьдрах боломжоор хангах даян дэлхийн уриалга юм" гэж онцлон тэмдэглэв.


Б.Туяа

 

Холбоотой мэдээ