Эмнэлгийн салбарт хиймэл оюун ухаан ашиглан үзлэгийн үр дүнг тооцож байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-05-08 16:20:07

Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 8 /МОНЦАМЭ/. Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Эрдмийн чуулган-2025”  ес дэх удаагаа Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт боллоо.


Чуулганд тус эмнэлэгт ажилладаг 65 мэргэжилтэн эрдэм шинжилгээний бүтээлээ хэлэлцүүлжээ. Шинжлэх ухааны үндэстэй, нотолгоонд суурилсан, үйлчлүүлэгчид ээлтэй сувилахуйн тусламж үйлчилгээг бий болгох, судалгааны арга зүй, онол, дадлага, мэдлэгийг дээшлүүлэх, өөрсдийн үйл ажиллагаагаа хөндлөнгөөс харж дүгнэлт хийх зорилготой аж.


Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг 2024 оны 11 дүгээр сараас ХЗДХЯ-ны харьяа байгууллагын алба хаагчдын өвчлөлийг эрт илрүүлэх, халдварт болон халдварт бус өвчний эрсдэлийг тогтоох зорилт бүхий “Хамгийн чухал нь” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн. Энэ хүрээнд хангай, хойд, төв, баруун бүсийн алба хаагчдыг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулжээ.


Үр дүнг нь хиймэл оюун ухаан ашиглан тооцоолж халдварт бус өвчний эрсдэл, ажил мэргэжлийн онцлог, ажилласан жил, бүсийн өвчлөлийн онцлогт хуваан 10 жилийн дараах өвчлөлийн прогнозыг гаргасан байна. Үзлэгт хамрагдсан албан хаагчдын 57.6 хувь нь дотор, 22.9 хувь нь мэс засал, 11 хувь нь мэдрэлийн өвчлөлтэй байна. Мөн элэгний өөхжилт, нойр булчирхайн архаг үрэвсэл, артерийн гипертензи, бүсэлхий нурууны өвчин, толгой хүзүүний эмгэг, шамбарам, түрүү булчирхайн шохойжилт, цөсний чулуу, хамрын таславчийн муруйлт зэрэг өвчин зонхилжээ.


Насны бүлгээр нь ангилбал 25-30 насныхан хүчдэлийн толгой өвдөлт, 31-35 насныхан зүрхний хэм алдагдал, 36-40 насныхан артерийн даралт ихсэлт, 46-аас дээш насныханд нойр булчирхайн архаг үрэвсэл болон артерийн даралт ихсэх тохиолдол их байсныг мэргэжилтнүүд онцлов.


ТТАХНЭ-ийн захирал Н.Одонгуа ярихдаа, “Бид гэмтлийн тусламж үйлчилгээг Монголд харьяалал харгалзахгүй үйлчилдэг. Нэг сувилагч өдөрт 15-21 төрлийн сувилахуйн тусламж үйлчилгээг эмчлүүлэгчид үзүүлснээр ачаалал дөрөв дахин нэмэгдсэн. Гэмтлийн тасагт сувилагчийн орон тоог нэмэгдүүлж, ачааллыг бууруулах шаардлагатай байгааг судалгаа харууллаа. Мөн хууль сахиулах байгууллагын ажилтан, алба хаагчид, тэдний гэр бүлийн дунд урьдчилан сэргийлэх үзлэг хийхэд хоол боловсруулах замын эмгэг маш их байна. Өөрөөр хэлбэл, ажлын орчинд эрүүл, зөв хооллох нөхцөл бүрдээгүй байна. 18-35 насны залуучуудад зүрх судасны өвчлөл их байгаа нь ажлын байран дахь стресс, хорт зуршлаас үүсэлтэй. Харин сувилагч нарын 67.8 хувь нь илүүдэл жинтэй болон таргалалттай байна” гэв.


Сонирхуулахад, дэлхий дахинд 27 сая сувилагч ажилладаг бөгөөд энэ нь эрүүл мэндийн салбарын мэргэжилтнүүдийн 59 орчим хувийг эзэлж байна. Харин 2030 он гэхэд дэлхийд есөн сая сувилагч, эх баригчийн нэмэлт хэрэгцээ үүснэ хэмээн ДЭМБ-аас тооцоолжээ. 







Холбоотой мэдээ