СЭЛЭНГЭ: Шизуока мужийн төлөөлөгчидтэй хамтын ажиллагаагаа өргөжүүлэх чиглэлээр цахим уулзалт хийв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2025-05-08 07:57:51

Сүхбаатар, 2025 оны тавдугаар сарын 8 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн удирдлагууд Япон улсын Шизуока мужийн төлөөлөгчидтэй энэ сарын 7-нд цахим уулзалт хийлээ.

 

Уулзалтаар хоёр аймгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, ойн аж ахуйд хамтран ажиллах талаар санал солилцсон байна.

 

Уулзалтад Япон улсын Шизуока мужийн ЗДТГ-ын Ойн аж ахуй хамгаалах хэлтэс, Гадаад харилцааны хэлтсийн дарга, мэргэжилтнүүд оролцов.

 

Сэлэнгэ аймаг Шизоука мужтай 2016 оноос ХАА болон байгаль орчны салбартай харилцан хамтын ажиллагааны чиглэлээр гэрээ байгуулж, салбарын ажилтан, албан хаагчдыг мэргэшүүлэн дадлагажуулж байгаа юм.

 

Мөн шинэ сортын таримал ургамлыг Сэлэнгэ аймгийн хөрсөнд тарьж нутагшуулах чиглэлд амжилттай хамтран ажиллаж байна.  

 

Тодруулбал, тус аймгийн Зүүнбүрэн сумын нутагт 40 га талбайд Япон үндэсний суба гоймонгийн гол түүхий эд болох гурвалжин будааг амжилттай тарьж ургуулж байна.

 

Мөн Шизоука мужаас сакура, тавилгана, царс, шинэс, нарс, азалия зэрэг 7 төрлийн 200 ширхэг модны тарьцыг авч ирэн Шаамар сумын ойн мэргэжлийн байгууллага болох “Ой баясах” ХХК-ийн мод үржүүлгийн газарт арчлан ургуулаад байгаа юм.



Холбоотой мэдээ