“Хасын Хүлэгүүд” гурван хожилтой хэсгээ тэргүүлж эхэллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. ФИБА-аас зохион байгуулж буй сагсан бөмбөгийн Азийн аваргуудын лигийн (BCL Asia) Зүүн бүсийн урьдчилсан шатны тэмцээн үргэлжилсээр байна.
Тэмцээний “B” хэсэгт багтсан Монголын дээд лигийн 2023-2024 оны улирлын аварга “Хасын Хүлэгүүд” зочлон тоглолтоо гурван хожилтой дуусгаснаар хэсгээ тэргүүлж эхэллээ. Тодруулбал, тэд эхний тоглолтдоо Тайванийн “Нью Тайпэй Кингз”-ийг 81:68, дараа нь Сингапурын “Эйдройт”-ыг 87:41, улмаар Тайландын “Хай Тех” багийг 63:59-өөр буулган авсан юм. Ингэснээр 3-0 гэсэн амжилтаар хэсгээ итгэл төгс тэргүүлж эхэлсэн бөгөөд энэ сарын 12-ноос эх орондоо үлдсэн гурван тоглолтоо хийнэ.
Харин А хэсэгт багтсан Монголын “Бишрэлт Металл” баг нэг хожиж, хоёр хожигдсоноор дөрвөн оноотой дөрөвдүгээрт жагсаж байна. Тэмцээний хэсэг тус бүрээс хоёр баг шигшээ шатанд шалгарч “BCL Asia” тэмцээнд оролцох хоёр эрхийн төлөө тоглоно.
Хоёр багийн эх орондоо хийх тоглолтын хуваарийг хүргэе.
Тавдугаар
сарын 11-ний 17:30 цагт: Бишрэлт Металл-Матрик Дийрс
Тавдугаар
сарын 12-ны 17:30 цагт: Хасын хүлэгүүд-Нью Тайпэй Кингз
Тавдугаар
сарын 13-ны 17:30 цагт:
Бишрэлт Металл- Таоюань Пайлотс
Тавдугаар
сарын 14-ний 17:30 цагт:
Бишрэлт Металл-Пелита Жаяа
Тавдугаар
сарын 15-ны 20:30 цагт:
Хасын хүлэгүүд-Эйдройт
Тавдугаар сарын 16-ны 20:30 цагт: Хасын хүлэгүүд-Хай Тех