Төрийн албан хаагчтай холбоотой гомдол эрс буурчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2015-10-11 22:56:37

2015 оны 3 дугаар улиралд МШУТ-ийн 70321111 утсанд нийт 299 иргэн ханджээ. Тэдгээрээс 240 хүн гомдол тавьж, 13 иргэн санал хүсэлтээ илэрхийлж, 46 иргэн мэдээлэл авсан байна.

299 иргэний мэдээлэл, гомдлын ихэнх нь буюу 52 нь Арвайхээр сумын ЗДТГ-т, 45 нь аймгийн ЗДТГ-т, 41 нь Боловсрол, соёлын газарт хандсан бол урд өмнө хамгийн их хандалттай байсан Эрүүл мэндийн газарт 1 гомдол ирсэн байлаа.

Арвайхээр сумын ЗДТГ-т ирж буй гомдлын дийлэнх нь төрийн албаны үйлчилгээ, төрийн албан хаагчийн ёс зүй, нийтийн эзэмшлийн талбай, төв бараан захад гарч буй зөрчил, орчны эрүүл ахуй, нийтийн тээврийн үйлчилгээ, нохой устгал, хог тээвэрлэлтэй холбоотой байна.

Нийт 240 гомдол ирсний 13 нь төрийн албан хаагчийн харилцаа, хандлагатай холбоотой байгаа ба урд өмнөх жилүүдтэй харьцуулахад энэ хандалт эрс багассан нь аймгаас төрийн албан хаагчийн ёс зүйг сайжруулах тал дээр багагүй анхаарч буй бодлого, шийдвэрийн хэрэгжилтийн үр дүн хэмээн үзэж байгаа юм.

2015 оны 3 дугаар улиралд ирсэн нийт гомдлын 93 хувь буюу 278-ыг шийдвэрлэж, 7 хувь буюу 21 гомдлыг шийдвэрлэх шатанд явж байна. Шийдвэрлэлт удаан байгаа асуудалд “Албан байгууллага, аж ахуйн нэгжүүд хогоо хашаандаа шатаагаад байна, Дэлгэрэх булгийн эхэнд хувь хүн гахай тэжээснээр голын эхийг бохирдуулж байна, Арвайхээр сумын 10 дугаар багт байрлах зам ангийн үйлдвэрийн утаа тортог орчны айлуудыг бохирдуулж байна, сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдээс хандив мөнгө хурааж авдаг, аливаа тоглолт арга хэмжээний билетийг шахаж борлуулдаг” гэх зэрэг гомдлууд байгаа аж.

Б.Батчимэг

 

Холбоотой мэдээ