Ерөнхий нарийн бичгийн дарга нар төр, иргэний нийгмийн харилцааг бэхжүүлэх талаар санал солилцлоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 1 /МОНЦАМЭ/. УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж манай улсад туршлага судлах айлчлал хийж буй Бутаны Хаант Улсын парламентын дээд, доод танхим буюу Үндэсний зөвлөл, Үндэсний Ассамблейн төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд ажиллаж байгаа Үндэсний Ассамблейн Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Дуба тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзлаа.
Бутаны Хаант
Улсын парламентын төлөөлөгчид УИХ-ын иргэний нийгэм болон Засгийн газартай харилцах харилцааны туршлагыг
судалж буй юм. УИХ-ын Ерөнхий нарийн
бичгийн дарга Б.Баасандорж 2023 онд Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийн дагуу
хууль тогтоох дээд байгууллага 126 гишүүнтэй болж, эмэгтэй гишүүдийнхээ тоогоор
Азидаа Бүгд Найрамдах Узбекстан Улсын дараа хоёрт орж буйг танилцуулж, Монгол
Улсын төрөөс Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын
пактад заасан хүний эвлэлдэн
нэгдэх эрхийг хэрэгжүүлэх, хувийн хэвшил, иргэний нийгмийн хамтын ажиллагааг
бүх хүрээнд өргөжүүлэх, үүнд хүний эрхийг хангаж ажиллахад онцгой анхаарал
хандуулж байгааг дурдав. Тэрбээр төрийн бус, шашны болон үйлдвэрчний эвлэлийн
байгууллагууд, эдгээрийн төртэй харилцах харилцааны эрх зүйн орчин тодорхой
бүрдсэн гэдгийг товч танилцуулж, иргэний нийгмийг дэмжих, чадавхыг нэмэгдүүлэх
нэгдсэн бодлогыг тодорхойлж хэрэгжүүлэх нь нэн чухал болохыг онцолсон юм.
УИХ хууль тогтоох, бодлого боловсруулах үйл
ажиллагаандаа иргэний нийгмийн оролцоог хангах талаар олон улсын түвшинд сайн
жишиг болдгийг Үндэсний Ассамблейн Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга
Д.Дуба сайшааж, энэ талаар Бутаны Хаант Улсын парламент стратегийн баримт
бичгүүдээ батлаад байгааг танилцуулсан юм. Тус улсын парламентад таван
гишүүнтэй Бутан-Монголын парламентын бүлгийг байгуулан ажиллаж байгааг тэрбээр танилцуулж, олон талаар ижил төстэй, нэг шашинтай
манай хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа өргөжин тэлж буйд баяртай байгаагаа
илэрхийллээ. Мөн тус улсын парламентын дээд, доод танхимд иргэний нийгмийн
байгууллагуудтай харилцах төлөөлөгчдийг тусгайлан томилж буйг онцлон дурдав.
Ерөнхий нарийн бичгийн дарга нар хоёр улсын төрийн байгуулал, хууль тогтоох дээд байгууллагуудын бүтэц бүрэлдэхүүн, харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар мэдээлэл солилцож, парламентаас иргэний нийгмийн байгууллагууд болон Засгийн газартай харилцах харилцаа, хууль тогтоох үйл ажиллагаанд ардчиллын үндэс суурь болсон хүний эрхийг хангах бодлогын талаар ярилцав. Уулзалтад УИХ-ын Тамгын газрын Тэргүүн дэд дарга Ч.Ариунхур, Бутаны парламентын Иргэний нийгмийн зөвлөлийн гишүүн, Ардчилал, сонгуульд дэмжлэг үзүүлэх олон улсын хүрээлэнгийн тэргүүн Пема Дэнзэн, тус улсын Транспаренси Интернэшнл байгууллагын Гүйцэтгэх захирал Дэнзэн Тинли болон албаны бусад хүмүүс байлцлаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.