Увсын Тариаланд 640 хүүхдийн хүчин чадалтай сургууль баригдлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2016-11-01 17:50:40

  Увс аймгийн Тариалан суманд 640 хүүхдийн хүчин чадалтай сургуулийн барилга баригдаж, улсын комисс өнгөрсөн тав дахь өдөр ашиглалтад хүлээж авлаа.

Энэ барилгыг 5,4 тэрбум төгрөгөөр Хөвсгөл аймгийн “Идэр Чандмань” компани барьжээ. Анх 2012 онд 2,4 тэрбум төгрөгийн хөрөнгөөр баригдаж эхэлсэн энэ барилгын санхүүжилт дутагдаж, улмаар жил гаруйн хугацаанд сул зогсолт хийсэн байна. Гэвч өнгөрсөн жил 3 тэрбум төгрөгийг нэмж олгосноор барилгын ажил ийнхүү шувтарч ашиглалтад ороход бэлэн болсон байна.

640 хүүхдийн хүчин чадалтай энэхүү сургуулийн барилга уг нь бол аймгийн төвд баригдах ёстой томоохон барилга ч анх удаагаа сумын төвд баригджээ.

“2012 онд 1,4 тэрбум төгрөгөөр Улаангомд баригдсан 640 хүүхдийн суудалтай хичээлийн байрнаас чанарын хувьд маш сайн болсон” хэмээн улсын комиссын гишүүд ярьж байлаа.

Сургуулийн барилгыг хүлээн авах ёслолын ажиллагаа энэ сарын 11-нд Тариалан суманд болно.

Увс аймаг Б.Батхүү

 

Холбоотой мэдээ