Самбочид Ази болон Далайн орнуудын аварга шалгаруулах тэмцээнээс 24 медаль хүртжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, 2025 оны дөрөвдүгээр сарын 17 /МОНЦАМЭ/. Узбекистаны нийслэл Ташкент хотод энэ сарын 13-нд эхэлсэн Ази болон Далайн орнуудын аварга шалгаруулах өсвөр, залуучууд, насанд хүрэгчид, ахмадын тэмцээн үргэлжилж байна.
Энэ удаагийн тэмцээнд 25 орны 600 гаруй тамирчин оролцож байгаа бол манай улсаас тамирчид, дасгалжуулагч, шүүгч нараас бүрдсэн 41 хүний бүрэлдэхүүнтэй баг Ташкентад очжээ. Тэмцээн насанд хүрэгчдийн ангиллын барилдаанаар эхэлсэн бөгөөд манай улсаас эхний өдөр спорт самбын эрэгтэйчүүдийн 71 кг-д Д.Гансүх, эмэгтэйчүүдийн 54 кг-д Д.Сарантуяа нар мөнгөн медалиар энгэрээ мялаасан бол байлдааны самбын +80 кг-д С.Буянзаяа хүрэл медаль хүртсэнээр Монголын багийн медалийн салхийг хагалав.
Тэгвэл тэмцээний хоёр дахь өдөр байлдааны самбын 64 кг-д Ц.Төгсболд алтан медалиар энгэрээ мялааж, төрийн дууллаа эгшиглүүлсэн байна. Түүнчлэн энэ төрлөөр эмэгтэйчүүдийн 50 кг-д Б.Эрдэнэт-Од мөнгө, эрэгтэйчүүдийн 71 кг-д М.Идэрхүү хүрэл авчээ. Харин спорт самбын эрэгтэйчүүдийн 79 кг-д Б.Балдангомбо, +98 кг-д Ү.Үнэнхүү, эмэгтэйчүүдийн +80 кг-д С.Буянзаяа мөнгөн медаль хүртэв.
Үүнээс гадна өсвөрийн самбо бөхийн охидын 59 кг-д Г.Энхжин алт, 47 кг-д П.Эрдэнэбулган, 80 кг-д Л.Эрдэнэчимэг нар мөнгө, 50 кг-д Э.Ариунтогтох, 54 кг-д О.Нандинэрдэнэ, 65 кг-д Ц.Сэлэнгэмөрөн, 72 кг-д Б. Номуунзаяа нар хүрэл медалиар энгэрээ мялаалаа. Тэгвэл хөвгүүдийн 53 кг-д Г.Доржсүрэн алт, 58 кг-д Г.Данзинбуд, 64 кг-д Ч.Хосбаяр, 79 кг-д Ш.Батзориг, 88 кг-д Д.Ууганбилэг, -98 кг-дА.Сумъяабазар, +98 кг-д О.Сумъяабазар нар хүрэл медаль зүүв.
Тэмцээн маргаашаас ахмадын ангиллаар үргэлжлэх бөгөөд энэ сарын 20-нд өндөрлөнө.