Саудын Аравид террорист халдлага үйлдэх төлөвлөгөөг таслан зогсоожээ

Дэлхийд | Нийгэм
dorjkhand@montsame.mn
2016-10-31 11:59:15

ЭР-РИЯД. /KAZINFORM/. Саудын Аравид хоёр террорист халдлага үйлдэхээр төлөвлөж байсныг таслан зогсоож чаджээ.

Тус улсын ДХЯ ням гарагт мэдэгдэхдээ “2018 оны хөлбөмбөгийн ДАШТ-ий урьдчилсан шатны тоглолтын үеэр болон цагдаа нарыг онилсон халдлага үйлдэхээр төлөвлөж байсныг аюулаас хамгаалах хүчнийхэн таслан зогсоож чадлаа” гэжээ.

Саудын Арави болон Арабын Нэгдсэн Эмирт Улсын хөлбөмбөгийн шигшээ багууд хоорондын тоглолтын үеэр тэсрэх бодис дэлбэлэхээр төлөвлөж байсан Пакистаны хоёр, Сири болон Суданы тус бүр нэг иргэнийг баривчилжээ. Энэ тоглолт 10 дугаар сарын 11-нд Саудын Аравийн баруун нутгийн Жедда хотод болсон аж.

Албаны хүмүүсийн хэлснээр, дээрх дөрвөн сэжигтэн нь 60 мянган хүн цугласан цэнгэлдэх хүрээлэнгийн ойролцоо 400 кг тэсрэх бодис ачсан автомашиныг дэлбэлэхээр төлөвлөж байжээ. Сэжигтнүүдийг тоглолт болохын өмнөх өдөр баривчилсан байна.

Мөн гурван хот, тэдгээрийн дотор нийслэл Эр-Рияд хотод аюулаас хамгаалах хүчнийхнийг онилон халдлага үйлдэхээр төлөвлөж байсан  Саудын Аравийн дөрвөн оюутныг баривчилжээ. Энэ дөрвөн оюутан Сири дэх “Лалын улс”-ын толгойлогчоос зааварчилгаа авсан ажээ.

Энэ оны долдугаар сард Саудын Аравийн гурван хотод цуврал халдлагууд, тэдгээрийн дотор Медина хот дахь лалын ариун газруудын нэгнийх нь ойролцоо амиа золиослогч халдлага үйлдсэний улмаас дөрвөн хүн амь үрэгдсэнтэй холбогдуулан тус улсад аюулгүй байдлыг чангатгасан юм.

Г.Доржханд

Холбоотой мэдээ