Б.Жавхлан: Уул уурхайн биржийн тухай хуулийг шинэчилнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны гуравдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Биржийн арилжааны журмын өөрчлөлттэй холбоотой мэдээллийг харилцагч талуудад таниулах зорилготой уулзалт, хэлэлцүүлэг өчигдөр болов.
Уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг богино хугацаанд эрчимжүүлж, гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх үүрэг бүхий ажлын хэсэг биржийн арилжаа буурсан шалтгаан нөхцлийг тодорхойлж, эхний ээлжид журамд өөрчлөлт оруулсан. Энэхүү уулзалтаар харилцагч талуудад шинэчлэн баталсан журамын өөрчлөлттэй холбоотой мэдээллийг өгсөн юм.
Сангийн сайд Б.Жавхлан хэлэлцүүлгийн нээж хэлсэн үгэндээ, "Уул уурхайн бүтээгдэхүүний үнэ унасан, эрсдэлтэй нөхцөл байдлыг бэрхшээл гэхээсээ илүү сорилт хэмээн үзэж, хамтдаа даван туулах ёстой. Манай нүүрс чанартай, хамгийн ойр гэхчлэн дэлхийн зах зээлд өрсөлдөх чадвар харьцангуй сайн байна. Тиймээс түр зуурын уналт гэж харахыг хичээж байна. Сүүлийн үед уул уурхайн үйлдвэрлэлд биржийн үйл ажиллагаа эрчимтэй хөгжиж байна. Нүүрсний үнээс шалтгаалж, биржийн үйл ажиллагаа доголдож болохгүй юм. Бирж хувьцаат компани болсон хэдий ч богино хугацаанд өндөр ашиг олох нь эцсийн зорилго биш. Бид биржийн арилжааны алдаа, оноо болон цаашид хэрхэх талаар ярилцах ёстой. Уул уурхайн биржийн тухай хуулийг өөрчлөн шинэчлэхээр ажиллаж байгаа бөгөөд удахгүй УИХ-д өргөн барина. Хуулийн төслийг хэлэлцэн баталтал энэхүү шинэчилсэн журмаараа явна. Энэхүү журмаар нүүрсний үнийг индексжүүлж, тээвэрлэлтийн эцсийн цэгийг Засгийн газар тогтоохоор заасан. Шинэчилсэн журам тэр чигээрээ хуульчлан батлагдах учиртай. Цаашид нүүрсний экспорт биржийн арилжаанаас ухрахгүй учраас эрх зүйн зохицуулалтыг улам боловсронгуй болгохын төлөө ажиллана" хэмээв.
Уулзалт хэлэлцүүлэгт оролцогчид уул уурхайн бүтээгдэхүүний арилжааг идэвхжүүлэх зорилгоор шинэчлэн баталсан журмуудын хэрэгжилтэд анхаарч, түр зуурын хүндрэлтэй нөхцөл байдлыг ойлголцож, хамтран ажиллана гэдгээ илэрхийллээ.
Уулзалтад уул уурхайн бүтээгдэхүүний худалдагч, худалдан авагч 70 гаруй компани, гишүүн брокер, биржийн итгэмжлэгдсэн тээврийн компани, лабораторийн төлөөлөл оролцсон юм.