“УВС-100” оюуны наадамд 2764 хүүхэд оролцлоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Улаангом, 2025 оны гуравдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Хүүхэд,
залуусын оюуны хөгжлийг дэмжих “УВС-100” наадам энэ сарын 21-25-ны
өдрүүдэд Улаангом суманд боллоо.
Тус наадам нь рубик шоо, түргэн бодолт, ой тогтоолт, спорт өрөлт, кимастер, IQ сэтгэх чадвар гэсэн зургаан төрөлд 18 ангиллаар боллоо. 2020 оноос эхлэн жил бүр уламжлал болгон зохион байгуулж байгаа тус наадам энэ жил илүү өргөн хүрээтэй, олон улсын стандартад нийцсэн хэмжээнд болсноороо онцлог байв.
Оюуны наадамд оролцохоор цахимаар 3100 хүүхэд бүртгүүлснээс 2764 хүүхэд биеэр хүрэлцэн ирж оролцон, оюун ухаанаа сорьжээ.
Нийт 200 багц медаль, 6 цомын төлөө өрсөлдсөн уг наадам нь оролцогч хүүхдүүдийн сэтгэн бодох чадварыг хөгжүүлэх, үнэлэхэд чухал ач холбогдолтой юм. Судалгаагаар сэтгэх чадварын үзүүлэлт нь 18 хувиар нэмэгдсэн байна.
Оюуны наадмыг Увс аймгийн Боловсролын газар, Насан туршийн суралцахуйн төв, Монголын оюун ухааны академи, Дэлхийн шооны холбоо, Оюуны чадварын IQ төв зэрэг байгууллага хамтран зохион байгуулсан бөгөөд нийт 150 гаруй багш шүүгчээр ажиллажээ.



