ХОВД: Энэ онд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжинэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Жаргалант, 2025 оны гуравдугаар сарын 26 /МОНЦАМЭ/. Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарынхан 2025 оныг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил болгожээ.
Энэ хүрээнд Ховд аймагт "Хамгийн сайн халамж бол хөдөлмөр эрхлэлт" уриалга дэвшүүлж нээлтээ хийв.
Энэ үеэр мэргэжлийн байгууллагаас иргэдэд сэтгэл зүйн зөвлөгөө өгөх, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл, хөтөлбөрийн талаар мэдээлэл түгээх гэх мэт олон талт үйл ажиллагаа зохион байгууллаа.
Мөн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас санхүүгийн дэмжлэг авсан 16 иргэн 48 төрлийн бараа, бүтээгдэхүүний үзэсгэлэн гаргасан юм.
Түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажлын байраар хангаж буй хоёр аж ахуйн нэгжид өчигдөр талархал гардууллаа.
Ховд аймаг 90 мянга гаруй хүн амтай.
Үүний дотор 3000 орчим хөгжлийн бэрхшээлтэй иргэн бий. Одоогийн байдлаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 10 орчим хувь нь ажил хөдөлмөр эрхэлж байна.
Харин 1000 гаруй иргэн эрхэлсэн тодорхой ажилгүй байгаа юм. Иймээс цаашид хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн асуудалд анхаарч, ажлын байрыг нэмэгдүүлэх нь чухал гэж албаныхан хэллээ.
Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанарыг дээшлүүлэх, олон нийтийн хандлагыг өөрчлөхтэй холбоотой нөлөөллийн үйл ажиллагаа, аяныг цаашид үе шаттай зохион байгуулахаа илэрхийллээ.