“Монголын хөдөө” зураг 36 дахь жилдээ...

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2025-03-21 10:41:05

 -Зураг түүх өгүүлнэ-


Улаанбаатар, 2025 оны гуравдугаар сарын 21 /МОНЦАМЭ/. Зураач С.Цагаанчулууны “Монголын хөдөө” хэмээх зураг 36 дахь жилдээ ХХААХҮЯ-ны ханыг чимж буй.


Сандивын Цагаанчулуун 1948 онд Хөвсгөл аймгийн Улаан-Уул суманд төрсөн. 1970 онд Багшийн дээд сургуулийн /одоогоор МУБИС/ зураг, хөдөлмөрийн ангийг Хөдөлмөр технологи, дүрслэх урлагийн багш, зураач мэргэжлээр дүүргэжээ. Сургууль төгсөх дипломын ажилдаа “Саяны уулс” нэртэй зураг зурж багш нартаа ихэд сайшаагдан онц дүнгээр дипломоо хамгаалжээ. Тэр цагаас хойш уран бүтээлээ идэвхтэй туурвиж, байгаль, адуу мал, түүхэн сэдвээр голчлон зурж, уран сийлбэр, модон эдлэл урлаж ирсэн байна.


МУЭ-ийн гишүүн, зураач түүний бүтээл туурвилаас дурдвал, Батлан хамгаалах яаманд “Хиагтын өглөө” уран зураг болон Халх голын байлдаан болсон түүхэн газрын хөшөө дурсгалын загвар, МУИС-ийн урлагийн танхимын ураг зураг дизайны тохижилтын ажил, ерөнхий боловсролын 84-р сургуулийн хана, танхимд зурсан зургууд бий. Мөн “Чингис хааны гэр тэрэг” сийлбэрт бүтээл нь Монгол цэргийн музейн үзмэрийн танхимд олны хүртээл болсоор байна. Уран зураг сонирхогч дотоод, гадаадын иргэд бүтээлээс нь авч, бас захиалж хийлгэдэг байна.


Тэрбээр 1989 онд ХААЯ-ны сайд асан Д.Раднаарагчаагийн захиалгаар 4,12 м /2,98 м хэмжээтэй “Монголын хөдөө” нэртэй уран зураг зурж, тус яамны нэг хоёр давхрын шатны нугалаанд байрлуулснаас хойш эдүгээ 36 жил болж байгаа ч өчигдөрхөн зурсан мэт өнгө будаг нь тэр л хэвээрээ тал дүүрэн бэлчсэн олон зуун адуун сүрэг тансаг сайхан хөдөө нутгийг яруу тодоор илтгэн харуулсаар байна.


С.Цагаанчулуун гуай зураг бүтээлийнхээ жааз хүрээг өөрөө сийлбэрлэн урладаг тул модон хүрээ нь ч шив шинээрээ харагдаж байлаа. Хүрээний төв голд алтан соёмбыг сийлсэн бол доод талд нь мандан бадрахыг бэлгэдэж галын дөл өөдөө бадарсан тулга сийлжээ. Мөн хүрээний баруун хажуу хананд морь, тэмээ, зүүн хананд үхэр, ямаа, хонийг сийлж таван хошуу малаа бүгдийг багтаажээ. Дөрвөн буланг нь үзэмжит сайхан хээгээр урласан утга төгөлдөр хүрээ жаазтай бүтээл нь эдүгээ ч ийнхүү тус яамны нэгэн чимэг болсоор байна.

 

Холбоотой мэдээ