СҮХБААТАР: Зэвсэгт хүчний 338 дугаар анги үйл ажиллагаагаа танилцуулав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Баруун-Урт, 2025 оны гуравдугаар сарын 18 /МОНЦАМЭ/. Батлан хамгаалах салбарын хэмжээнд 2025 оныг "Эх оронч Монгол - Их сэргэлтийн жил" болгон зарласан. Монгол цэргийн өдрийг тохиолдуулан Зэвсэгт хүчний 338 дугаар ангиас хүүхэд залууст эх оронч үзлийг төлөвшүүлэх зорилгоор нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгууллаа.
Зэвсэгт хүчний 338 дугаар анги, Сүхбаатар аймгийн ЗДТГ-ын Цэргийн штаб хамтран монгол цэргийн өдрийн хүрээнд олон ажил зохион байгуулсны нэг нь энэхүү нээлттэй хаалганы өдөрлөг юм. Цэргийн ангид хэрэглэгддэг техник хэрэгсэл, багаж тоног төхөөрөмжийг нийтэд танилцуулж, хугацаат цэргийн алба хаагчид тусгай үзүүлбэр сонирхуулсан нь олны анхаарлыг татаж байлаа.
Зэвсэгт хүчний 338 дугаар анги нь хугацаат цэргийн алба хаагчдаа үндсэн чиглэлийн дагуу жолооны курс, үндэсний бичиг, англи хэлний сургалтад хамруулахаас гадна орон нутгийн Мэргэжлийн боловсролын сургуультай хамтран хугацаат цэргийн алба хаагчдадаа давхар барилгын өргөн мэргэжил эзэмшүүлдгээрээ онцлог. 201: оноос хойш 450 гаруй алба хаагчид давхар мэргэжил эзэмшүүлсэн гэж тус ангийн Штабын дарга, хошууч Х.Батсайхан хэллээ.
Тус анги Сүхбаатар аймагт 14 дэх жилдээ үйл ажиллагаа явуулж байна. Улаанбаатар хот болон Сүхбаатар, Дорнод аймгаас хугацаат цэргийн алба хаагчдаа татдаг. 2024 оны хоёрдугаар ээлжээр татагдан ирсэн залуус цэрэг хувцсаа өмсөөд хүндэт тугандаа ёслоод монгол цэргийн өдрөө угтсанд баяртай байгаагаа илэрхийллээ.
Энэ өдөр мөн цэргийн хүрээний алба хаагчид ЕБС-ийн ахлах ангийн сурагчид,
хувийн хэвшлийн ажилтнууд болон төрийн албан хаагчдад үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхын талаар мэдээлэл сургалт хийжээ.