ӨВӨРХАНГАЙ: Гуравдугаар 10 хоногт хүйтэрч, салхи, шуурга ихтэй байхыг анхаарууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Арвайхээр, 2025 оны гуравдугаар сарын 18 /МОНЦАМЭ/. Энэ сарын 13,14-ний өдрүүдэд аймгийн нийт нутаг дэвсгэрт их хэмжээний цас орсон учраас шар усны үерээс болгоомжлохыг Онцгой байдлын албанаас анхааруулж байна.
Тус өдрүүдэд ихэнх сумаар 6 -12 см цастай, хунгартаа 15-20 см цас орсон бол Богд, Баруунбаян-Улаан суманд тал газраа 20-80 см, гуу жалганд 100-150 см цастай байна. Үүний улмаас Богд сумын Хөөвөр багийн Цагаан бургас, Ширээтийн хөндий, Бугантын ам, Бор бургас зэрэг газарт нутаглаж буй есөн малчин өрхийн 21 иргэн, 3670 бог мал цасанд боогдсон, дарагдсан гэх дуудлагын дагуу ОБГ-ын Эрэн хайх аврах бүлэг, Богд сумын ЗДТГ-ын алба хаагчид зам гарган өвс, тэжээл хүргэж өгсөн байна.
Цаашид 3 дугаар сарын сүүлийн 10 хоногт ихэнх нутгаар хур тунадастай, ОЖД-аас хүйтэн байх ба энэ сарын 22-25-ны өдөр хүртэлх өдрүүдэд салхи, шуурга ихтэй байхыг УЦУОША-аас мэдээллээ.