ТӨВ: “Эх орны төлөө-2025” цогцолбор тэмцээнд 380 гаруй тамирчин оролцлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2025-03-17 20:53:31

Зуунмод, 2025 оны гуравдугаар сарын 17 /МОНЦАМЭ/. Монгол цэргийн өдөр, орчин цагийн зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны түүхт 104 жилийн ойг угтан “Эх орны төлөө-2025" спортын цогцолбор тэмцээнийг 3 дугаар сарын 15, 16-ны өдрүүдэд зохион байгууллаа. Тэмцээнд төрийн цэргийн болон хууль сахиулах 19 байгууллагын 380 гаруй тамирчин волейбол, сагсан бөмбөг, даам, ширээний теннис, дартсын төрлүүдэд өрсөлдсөн юм.


Энэхүү тэмцээнийг Төв аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг хүчний байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, албан хаагчдын ур чадварыг нэмэгдүүлэх зорилгоор 2018 оноос өргөн хүрээтэй зохион байгуулж ирсэн.


Өнгөрсөн жилээс Хилийн цэргийн 0267 дугаар тусгай салбарын баг тамирчид оролцож эхэлсэн бол энэ жил Хилийн цэргийн 0218 дугаар анги, Согтууруулах, мансууруулах донтой өвчтнийг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газрын баг тамирчид оролцож байгаа нь тэмцээний цар хүрээ нэмэгдсэнийг илэрхийлж байна.


Тэмцээний цомыг дэд хурандаа Г.Эрдэнэбат даргатай аймгийн Онцгой байдлын газрын баг, тамирчид өргөлөө.


Оролцогчдоос сэтгэгдлийг тодруулахад, Спортын нэрэн дор үеийн залуустайгаа өрсөлдөж, ур чадвараа сорьж байгаадаа талархаж байв. Мөн энэхүү тэмцээнээр найз нөхдийн хүрээллээ нэмэгдүүлж, жил бүр хүсэн хүлээдэг болсон тухайгаа илэрхийлсэн юм.

 

Холбоотой мэдээ