АНУ Йемений хуситуудад цохилт өгч эхэлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2025-03-16 13:06:11

ВАШИНГТОН, 2025 оны гуравдугаар сарын 16 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Йемений хуситуудын эсрэг "шийдэмгий, хүчтэй" ажиллагаа явуулах тушаалыг зэвсэгт хүчинд өгсөн тухайгаа бямба гарагт мэдэгджээ. 


"АНУ-ын Зэвсэгт хүчин "яг одоо" Америкийн хөлөг онгоцуудыг хамгаалах, Улаан тэнгис дэх навигацийн эрх чөлөөг сэргээх зорилгоор тус бүлэглэлийн баазууд, толгойлогчид болон пуужингийн довтолгооноос хамгаалах системүүдэд агаарын цохилт өгч байна" гэж тэрбээр "Truth Social" нийгмийн сүлжээнд бичсэн байна. 


Д.Трамп хуситуудыг Америкийн болон орны бусад хөлөг онгоцууд, нисэх онгоцууд, нисгэгчгүй онгоцуудын эсрэг "дээрэм, хүчирхийлэл, террорист ажиллагаа тасралтгүй" явуулж байна хэмээн буруутгасан байна. Мөн тэрээр өмнөх Ерөнхийлөгч Жо Байдены үйл ажиллагаа хангалттай хатуу байгаагүй тул хуситууд дайралтаа үргэлжлүүлсэн гэж мэдэгджээ.


Тус бүлэглэл хөлөг онгоцууд руу довтлохоо зогсоож, бүс нутагт аюулгүй байдлыг сэргээх хүртэл цохилтууд үрэлжилнэ гэж Д.Трамп мэдэгджээ. Тэрбээр мөн хуситуудад дэмжлэг үзүүлэхээ “нэн даруй зогсоохыг” Иранаас шаардаад, цаашид хөндлөнгөөс оролцсон тохиолдолд хариуцлага тооцно гэж сүрдүүлсэн байна.  


Хуситуудын эзэмшдэг “Al Masirah” телевизээр Йемений нийслэл Сана хотод агаараас цохилт өгсөн талаар мэдээлжээ. АНУ-ын агаарын довтолгооны улмаас есөн хүн амиа алдаж, есөн хүн шархадсан гэж хусутуудын эрүүл мэндийн алба мэдээлсэн байна.


Холбоотой мэдээ